МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2020.11.05
Барилга, Хот байгуулалт

Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. 

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. 

Хот байгуулалтын тухай хуулийг анх 1998 онд батлан мөрдүүлж, хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Энэ хууль хэдийгээр тухайн цаг үеийн хөгжлийн шаардлагыг хангаж байсан боловч өнөөгийн нийгмийн хөгжилд нийцэхгүй, хэрэгцээ, шаардлагыг тэр бүр хангахгүй болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан Хот байгуулалтын тухай хуулийг бусад хууль тогтоомж, эрх зүйн акттай уялдуулах ажлын хүрээнд уг хуулийн хийдэл, давхардал, зөрчлийн судалгаа хийгдэж, уг хуультай холбоотой нийт 56 давхардал, хийдэл, зөрчил байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Сүүлийн 20 гаруй жил хотжих үйл явц эрчимтэй явагдаж, хөдөөнөөс хот, суурин газрыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын төвшин хурдацтай нэмэгдэж 67.6 хувьд хүрээд байна. Тухайлбал, нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хотод манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж, ажил, хөдөлмөр, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Үүнээс зөвхөн Улаанбаатар хотод оршин суугчдын тоо 1 сая 400 мянгад хүрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Мөн Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг томоохон хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж хүрэлцэхгүй байгаагаас нийгэм, эдийн засгийн олон асуудал тулгамдаад байна.

Иймээс иргэдийг эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрахад чиглэсэн хот байгуулалт, газрын харилцааны бодлого, зохицуулалтын нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч, хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, хот байгуулалтын мэргэжлийн байгууллага, мэргэжилтний ёс зүй, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож сайжруулах, хот байгуулалтын талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хот, суурин газар болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангахуйц олон улсын жишигт нийцсэн эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилгах, хууль хоорондын уялдааг хангах зорилгоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.

Уг хуулийн төсөл нь 10 бүлэг, 60 зүйлтэй юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хот байгуулалтын баримт бичгийг ач холбогдлоор нь ангилж, түүнд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасны зэрэгцээ тэдгээрт магадлал (экспертиз) хийх үе шат, хот байгуулалтын баримт бичгийг хэрэгжүүлэх үе шат, тавигдах шаардлагууд, хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтыг илүү нарийвчлан тусгасан; мөн хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүргийг нарийвчлан тусгасны зэрэгцээ хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төлөвлөлтийн зохицуулалтыг тусгажээ.

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хот, суурин газар болон улс, бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах олон улсын жишигт нийцэх бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хууль зүйн хувьд эерэг үр дагаврууд бий болно. Тухайлбал:

  • Бүс нутаг, хот, суурины хөгжпийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны талаарх бодлого, хэрэгжилтийн зохицуулалт нь нэгдмэл болж, хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилна;
  • Хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох, хэрэгцээ, шаардлагад илүү нийцсэн, хүрээлэн буй байгаль орчинтойгоо харилцан холбоо бүхий ногоон хөгжлийн шаардлагыг хангасан, ногоон хот байгуулалт бий болох нөхцөл бүрдэнэ;
  • Хот байгуулалтыг бүсчлэлийн хэлбэрээр зохицуулан холбогдох мэргэжлийн байгууллага, зөвлөлийн саналыг урьдчилж тусгах нь байгаль орчинд ээлтэй буюу хот, суурины нөөцийг оновчтой тооцоолсон, хөрөнгө оруулалтын бодлогод суурилсан, улсын хөгжлийн нэгдсэн бодлогод нийцсэн хот байгуулалтыг бий болгох нөхцөл бүрдэнэ;
  • Хот байгуулалтын баримт бичгийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харилцан уялдуулах нь хот, суурины тэлэлт, шаардлагагүй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, одоогийн үүссэн бүх хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ;
  • Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэсэн заалтын хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн эрх зүйн орчин бий болно;
  • Хот, тосгоны газар ашиглалтын зөв хуваарилалт бий болж, хот төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, түүний бүрэлдэхүүн хэсэг, хэрэгжүүлэх үе шат тодорхой болох эрх зүйн орчин бүрдэнэ;
  • Хот байгуулалтыг төлөвлөлтийн үе шатнаас эхлэн хэрэгжүүлж дуусах хүртэл хугацаанд хууль тогтоомж, норм, нормативын шаардлагыг хангаж ажиллах нөхцөл бүрдэнэ;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар, С.Одонтуяа, Х.Булгантуяа, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, О. Цогтгэрэл, Ж.Ганбаатар, С.Чинзориг, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, С.Амарсайхан, Г.Дамдинням нар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Т.Доржханд нар төсөл өргөн баригдаад удаж байгаа, Газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулж хамтад нь оруулж ирэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ. Үг хэлсэн гишүүд төслийн хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, нухацтай хэлэлцэх, мөн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулаад хот байгуулалтын суурь хуулиуд болох Газрын тухай багц хуулийн төсөл болон бусад хуулиудтай хамтатган асуудлыг томоор харж цогцоор нь шийдэхэд анхаарах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлж байв.

Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ