https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ханш тойрсон мөнгөний бодлого
2020.11.06
Эдийн засаг, Худалдаа

Ханш тойрсон мөнгөний бодлого

УИХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Монгол Улсын эдийн засагт 2017-2019 онд сэргэлт бий болж тогтворжсон хэдий ч, коронавируст цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээний нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, иргэдийн амьжиргаанд сөрөг үр дагавар нь мэдрэгдсэн.

Энэ үед Монголбанк эдийн засгийн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэхээр мөнгөний бодлого, макро зохистой бодлого, микро зохистой бодлогын багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. 

Цаашид Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэрэгслээ ашиглаж, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сорилтыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорин холбогдох эрх бүхий байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг 2021-2023 онд +1, -2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ макро зохистой бодлогыг цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байх үүднээс мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх юм байна.

Өмнөх жилүүдэд мөчлөг сөрсөн бодлогоор хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг сааруулж, банкны балансын долларжилтыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүндрэлийн үед үүсэж болзошгүй байсан эрсдэлийг хязгаарлаж байгаа аж.

Санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд, коронавируст цар тахлын эдийн засгийн хүндрэлийн үед мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, хяналт шалгалтын болон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчны шинэтгэлийг үргэлжлүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм байна.

Цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхойгүй байгаа хэдий ч 2021 онд Монголбанкны хяналт шалгалтын бодлого хүндрэлийг хохирол багатай даван туулж, санхүүгийн зуучлалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийн хувилбаруудыг боловсруулж хэрэгжүүлэх; түр хугацааны мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээнүүдээс аажмаар гарах төлөвлөгөөг боловсруулахад чиглэх юм байна. 

Үүний зэрэгцээ, банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлт болон хяналт шалгалтын хүрээнд тавигддаг шаардлагуудыг Базелийн цуврал стандарттай нийцүүлэн шат дараатай нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх суурь шилжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх аж.

Мөн бие даасан 10 гаруй хуулийг багтаасан “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг арилган уялдаа холбоог сайжруулснаар санхүүгийн зах зээл илүү үр ашиггай ажиллах, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд технологийн дэвшил нэвтэрч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох орчныг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэх ач холбогдолтой хэмээн тооцжээ.

Төв банк санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжихийн зэрэгцээ Улсын Их Хурлаас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулах, Банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

“Цаашид коронавируст цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглүүлнэ. Түүнчлэн, Монгол Улс 2021 онд төлөгдөх 500 сая ам.долларын Мазаалай бонд, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.долларын Чингис бондыг хэсэгчлэн амжилттай дахин санхүүжүүлсэн, ХХБ-ны 500 сая ам.долларын бонд амжилттай төлөгдсөн зэрэг нь богино хугацааны гадаад төлбөрийн дарамтыг буурууллаа. Гадаад валютын нөөцийн хүрэлцээ импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хадгалагдаж байна. Төгрөгийн харьцангуй уян хатан ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээг алдагдуулахгүй байх, гадаад шокын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх үүргийг Монголбанк гүйцэтгэж ирлээ. ”

Монгол Улсын төсвийн алдагдал урсгал тэнцлээр илэрч, үүнийг гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар санхүүжүүлж явж байна. 

  • 2015 онд 948 сая ам.доллар, 
  • 2016 онд 700 сая ам.доллар, 
  • 2017 онд 1 тэрбум 150 сая ам.доллар, 
  • 2018 онд 2.2 тэрбум ам.доллар, 
  • 2019 онд 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. 

2020 оны 07 дугаар сарын байдлаар -400 сая ам.доллар, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 11 хувь болж буурах тооцоолол байна. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа:

“Цар тахлын үед төрөөс баримтлах мөнгөний бодлогын онцлогийг бүрэн тусгаж чадаагүйг тэмдэглээд, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээ авах шинэ зохицуулалт нэмэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн” гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“Монгол төгрөгийн ханш өнөөдөр 2853 байна. Монголчууд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилд байнга төгрөгийн үнэгүйдэл, гадаад валютын өсөлт, баялгийн үнэгүйдэл байсаар ирлээ. Ханш тогтворжуулах чиглэлд анхаарч ажиллаарай” хэмээн Монголбанкинд санууллаа.

Түүгээр зогсохгүй УИХ-ын гишүүдийн олонх нь төгрөгийн ханшийг чангаруулах чиглэлд анхаарахыг хэлсэн юм.

Ковид-19 олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгон зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30% хүртэл суларлаа. Харин төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4 орчим хувь суларсан нь экспортын орлого 40-50% хүртэл тасарсан хүнд үед тойрох аргагүй, шаардлагатай бодлогын тохиргоо гэж Монголбанк харж байна. Монгол Улсын экспортын үнэ, хэмжээ оны эхний хагастай харьцуулахад нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилж байгаа нь валютын урсгалыг тэтгэж байна. 

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй”, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” гэх зэрэг бичигтэй самбар өөр өөрийн ширээн дээрээ байрлууллаа. Түүнчлэн төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн үзэсгэлэнг чуулганы хуралдааны танхимын үүдэнд гаргасан байна. Үүнээс харахад 2016 онд кг цагаан будаа 2400 төгрөг байжээ. Өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр ердөө 0.65 кг цагаан будаа авч болохоор байна. Мөн онд нэг л сүү 2176 төгрөг, одоо дээрх мөнгөөр 0.68 литр сүү худалдан авна. Элсэн чихэр 1561 төгрөг, 2020 онд 0.52 кг элсэн чихэр буюу талыг нь худалдан авахаар байгааг үзэсгэлэнгээр харуулсан юм.  

ШИНЭ МЭДЭЭ