МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийн ажлын хэсгийг ахална
2020.08.19
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийн ажлын хэсгийг ахална

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг наймдугаар сарын 14-ний өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Дэлхий даяар эрчимтэй тархаад байгаа коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал нь Монгол Улс төдийгүй дэлхийн бусад орны нийгэм, эдийн засагт урьдчилан таамаглаагүй хохирлыг үзүүлээд байгаа юм. Уг нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2020 оны макро эдийн засгийн төсөөлөл анх тооцон төсөвт тусгаж байснаас өөрчлөгдөхөөр байгаа учраас дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. 

Хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцэн шийдэж, УИХ-ын ээлжит бус чуулган, байнгын хорооны хуралдаануудаар нарийвчлан хэлэлцэж байна. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.

Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн нар ажиллах юм. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь эдийн засагч мэргэжилтэй, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгаар мэргэшсэн. 2016-2020 онд Сангийн дэд сайдаар ажилласан бөгөөд улсын нэгдсэн төсвийг хамгийн сайн мэдэх, өмнөх 4 жилийн төсвүүдийг гардаг боловсруулсан хүн юм. 

ШИНЭ МЭДЭЭ