МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
2020.08.28
Улстөр

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) хуралдаанаар  Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оруулсан. Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлаас хамаарч дунд хугацаанд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг дахин тодотгох, өөрчлөлт оруулах, түүний хууль зүйн боломжийг бий болгох шаардлага үүссэнтэй холбоотойгоор хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин явуулах шаардпагатай гэсэн горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41.8-д заасан үндэслэлээр төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд буцаасан. Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулж, санал, дүгнэлт гаргасан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022, 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгийн санал, дүгнэлтээ танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дараах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Төслийн гарчгийг зохицуулах харилцааны агуулгад нийцүүлэн хуулийн төслийн гарчгийг өөрчлөхийг,  төслийн 1 дүгээр зүйлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3, 19.9 дэх хэсгийг бүхэлд нь хамруулахаар нэмэлт оруулахыг тус тус дэмжжээ. Эдийн засаг сайжрахын хэрээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын дагаж мөрдөх хугацааг 1 жилээр хойшлуулан мөрдүүлэхтэй холбоотой төсөлд шинээр заалт нэмэх саналыг 61.5 хувиар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болж, төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түдгэлзүүлэхдээ зөвхөн 2020, 2021 оныг хамруулж, 2022 оны төсвийн жилээс эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.9 дэх хэсэгт заасан төсвийн тусгай шаардлагыг мөрдүүлэх талаар байр сууриа илэрхийлснийг санал, дүгнэлтэд дурдсан байлаа.

 Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ