2020.10.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Б.Баярсайхан: Хүний хөгжлийн цогц бодлогод Соёлын хууль чухал үүрэгтэй
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
"Соёлын хууль бол маш чухал хууль. Соёлын яам байгуулагдсан. Хэдийгээр 2019 оны 08 сард хууль өргөн баригдсан ч Соёлын яам шинээр байгуулагдаж, мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа учраас энэ хуулийг Монгол Улсын бүх үндэсний өв соёл, зан заншил, соёлын бүх салбарт маш сайн хэрэгжих хууль болж гарах ёстой. Хуульд Монголд бусад улс орны соёл хүч түрэн нэвтэрч, түүнд залуу үе татагдан дагах явдал газар авч байгаа төдийгүй хотжилт хүн амын төвлөрөл нь үндэсний язгуур урлаг, соёлыг уусган өөрчлөх хандлага бий болж байна гэж тусгасан байна. Энэ зөв. Өмнө нь байнгын хорооны хурал дээр хэлсэн. Энэ талаар сэргийлсэн, хамгаалсан заалт шинэ хуулийн төсөлд байхгүй байна. Үүн дээр анхаараарай.
Дээрхтэй холбоотойгоор өнөөдөр цахим орчин, цахим сувгаар ТВ, ном, сонин, сэтгүүлээс илүү цахим орчинд сайн, муу соёл түрэн элбэгшиж байгаа. Тиймээс энэ талаар Соёлын тухай хуульд заавал тусгах ёстой шүү. Өнөөдөр гэртээ сууж байгаад дэлхийд танигдсан дуучин болж байна. Цахим орчинд бүхий л харилцаа явагдаж байдаг. Соёлын яам тусгай зөвшөөрлийн асуудал, ТВ контентийн асуудал, цахим контент дээр чадахгүй байж магад ч ТВ контент дээр хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц шашны гаж урсгал, архи тамхи, мансууруулах бодис, садар самуун, буруу үг хэллэг сурталчилсан контентуудыг яаж хянах вэ? Ямар хяналт байх вэ? Зарим улс оронд Харилцаа холбооны зохицуулах хорооноос манайд өгч байгаа тусгай зөвшөөрлүүд Соёлын яаманд дээр эрх нь байдаг. Энэ жишгийг цаашид анхаарч болох уу? Хуульд тусгаж өгөөрэй.
Миний байнга хэлж байгаа зүл болох хүний хөгжлийн цогц бодлогыг бий болгоход, боловсруулахад бидний батлах гэж буй энэ Соёлын хууль, Соёлын яам чухал үүрэгтэй шүү. Асуулт асуугаад хангалттай хариулт авч чадахгүй байгаа. Та бүхнийг хуульд нямбай хандаж сайн судалгаа хийж ажиллахыг хүсэж байна."
Түүний асуултанд Соёлын сайд С.Чулуун хариуллаа.