Гурван аймгийн 50 суманд ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангах боломж бүрдлээ
2020.12.02
Гадаад харилцаа

Гурван аймгийн 50 суманд ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангах боломж бүрдлээ

Гурван аймгийн 50 суманд, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эрүүл мэндийн төвийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн нийт 92 байгууламжийг барьж, хүн амыг аюулгүй ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангах боломж бүрдлээ.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2019-2021 онуудад Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийг 4,500,000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр 2019 онд 3 талт Хэлэлцээрийн протоколыг Сангийн яам, Эрүүл мэндийн яам, КОЙКА хамтран баталсан юм.

Уг төслийн зөвлөх хорооны даргаар Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, дэд даргаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс хайкенс болон гишүүдэд Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн уг төслийн ажлын алба болон дээрх 3 аймгуудын Засаг даргын тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцон цахимаар хуралдлаа.

2020 онд уг төслийн хүрээнд тус Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 50 суманд, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эрүүл мэндийн төвийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн нийт 92 байгууламжийг засварлах, шинээр барьж байгуулахад дэмжлэг үзүүлснээр хүн амыг аюулгүй ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангах боломжийг бүрдүүлсэн байна.  

Мөн 10 сумын хүн амын ундны усны эх үүсвэрийг сайжруулахад зориулан 11 гүний худаг шинээр гаргаж, ундны усны худаг, ус түгээх байруудад ухаалаг төхөөрөмж суурилуулснаар 24 цагийн ажиллагаатай болж, иргэд боломжтой үедээ усаа авах нөхцөлөөр хангагдлаа.

Мөн нийт 8 сумын төвд эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн халуун усанд орох газрыг шинээр барьж ашиглалтад оруулснаар халуун усны хангамж, хүрэлцээ байхгүй айл, өрхийн иргэд хувийн ариун цэврээ сахих, эрүүл ахуйн наад захын хэрэгцээг хангасан аюулгүй орчин бүрдлээ. Уг төслийн үр шимийг дээрх аймгуудын 120,000 гаруй хүн ам хүртээд байгаа нь зорилтод аймгийн хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна хэмээн үзэж байна.


Өнөөдрийн хуралдаанаар “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус хэлэлцэж, ололттой тал, сайн туршлагыг бусад аймгуудад өргөжүүлэх, хүндрэл, бэрхшээлийг даван туулахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд анхаарах, ирэх жилийн төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь чанартай хийх, гүйцэтгэлд хариуцлагатай ажиллах талаар чиглэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ