МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Баярсайхан: Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа боловсролын салбарын хөгжлийн хоцрогдол бол модон жорлон юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.25/ хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

2021 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын 5-р зүйлд төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна гэж орсон байгаа. Үүнийг Н.Алтанхуяг гишүүн нилээн шүүмжилж байх шиг байна. Бидний 21-р зуунд чирч авч орж ирсэн хөгжлийн хоцрогдол бол ирээдүй болсон хүүхдүүдээ хаврын хавсарга, өвлийн хүйтэн, намрын сэрүүнд модон жорлонд бие засуулж байгаа явдал юм.

Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар. Өнгөрсөн жилүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд ийм оновчтой, үр дүнтэй ажил хийж байсныг мэдэхгүй. Үүн дээр бүх эцэг эхчүүд ялангуяа орон нутагт амьдарч байгаа эцэг, эхчүүдийн хувьд бол хүүхдүүдийнхээ төлөө модон жорлонг шийдүүлэх түүхэн үе ирсэн гэдэгт маш их баярлаж байгаа. Төсвийн хууль хэлэлцэж байгаа үеэр үүнийг эсэргүүцэх ямар ч шаардлагагүй гэж бодож байна. Н.Алтанхуяг гишүүн бол өөрөө олон нялх хүүхэдтэй.

Өнөөдөр хотын бид 6-14 настай хүүхдүүдээ хөдөө зуны дулаанд ч явахдаа хөдөөний модон жорлон хэрэглүүлдэггүй. Хүүхдийг аюулгүй орчинд сургах гэдэг бидний зорилгод модон жорлон хэрэглүүлж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлэм асуудал байгаад байгаа юм. 

Тэгэхээр энэ үйлдвэрийн 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг шинэчлэх асуудалд битгий саад хориг тавиачээ. Үүнийг битгий улстөржүүлээч гэж хүсэж байна. Малчдын хувьд зургаан настай хүүхдээ сургуульд оруулах хэцүү байдаг. Яагаад? Яагаад гэвэл дотуур байр нь 200 метрт байрласан модон жорлонд, өвлийн хүйтний үеэр хүүхдүүд шөнө бие засах гэж айдаг. Өсвөрийн охидуудад маш хэцүү байдаг. Хичээл тасалдаг, хичээлдээ дургүй болдог. Халдварт өвчин, ханиад томууны асуудлыг ярилт байхгүй.

Бидний хийж байсан судалгааны үеэр хамгийн сэтгэл эмзэглүүлэм асуудал бол хүүхдүүд шөнө, өдөргүй хүйтэнд модон жорлонд очихоосоо бэрхшээгээд уух шингэнийхээ хэмжээг багасгаж байна гэсэн судалгаа хүртэл гарсан. Өөрсдөө хотод дулаан тохилог байранд, халуун, хүйтэн устай, шүршүүртэй боловсон жорлонд бие засаад байдаг. Тэгвэл өөрсдөө орон нутагт амьдраад модон жорлон хэрэглээд үзье ямар байх вэ?

Дараа дараагийн жилүүдэд хийгдэх ажлуудад бас л дөнгөж төрсөн нялх нярай биетэй ээжүүд өдөр, шөнөгүй хүйтэн сэрүүнд гам барьж чадахгүй модон жорлон хэрэглэж байна. Эхний ээлжинд 2021-2022 онд хүүхдүүдийнхээ жорлонгийн асуудлыг цэгцлээд цаашдаа хөдөө орон нутагт байгаа сумдын эмнэлэгүүдэд арга хэмжээ аваад модон жорлонгоос бүрэн салаад явах хэрэгтэй байна. Тиймээс модон жорлонгийн асуудлыг нэг мөсөн шийдэж, Эрдэнэт үйлдвэрээр энэ ажлыг хийлгэх нь зүйтэй юм гэсэн санал хэлж байна. 

ШИНЭ МЭДЭЭ