МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.10
Улстөр

Б.Баярсайхан: Багийн засаг даргыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгох хүсэлтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Төслийн 58-р зүйлийн 58.4 дэх заалтыг ерөнхийд нь дэмжиж байна. Гэхдээ хөдөө орон нутагт ялангуяа манай Завхан аймаг шиг 24 сумтай, алслагдсан газар нутагтай ийм сумдын хувьд, хөдөө сумдын баг дээр хэрэгжих нөхцөл нь 2024 оноос мөрдсөн ч гэсэн учир дутагдалтай байна.

Ер нь орон нутгийн иргэдээс тавьж байгаа хүсэлт бол багийн Засаг даргаа өөрсдөө сонгодог байя. Орон нутагт улс төржилт гэдэг хэр хэмжээнээсээ хэтрээд, ард түмнийг туйлдуулж байгаа хэцүү цаг үе байна гэдгийг бид ч харж байна, иргэд ч хэлж байна. Тэгэхээр дээд боловсролтой хүн багийн Засаг дарга болно гээд тавиад өгчихөөр 2024 он гэхэд дөнгөж сургууль төгссөн 22, 23-тай хүүхэд очоод багийн Засаг дарга хийх үү?

Багийн Засаг дарга, аймгийн Засаг дарга сумын Засаг дарга гэдэг бол боловсролоос гадна ард түмнийхээ амьдралыг мэддэг, хүний амьдралын жаргал зовлонг мэддэг, орон нутгаа өөд нь татаж чаддаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байх ёстой юм. Тийм учраас Засаг дарга нарыг томилох зүйл заалт дээр бид нар илүү анхаарах шаардлагатай. Ялангуяа багийн Засаг дарга дээр ямар нэг ажилласан жил юм уу босго тавьж өгөх ёстой юм болов уу. Ийм саналтай байна. Дараа дараагийн хэлэлцүүлэг дээр анхаарна гэж бодож байна. 

ШИНЭ МЭДЭЭ