МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Баярсайхан: Мэргэжлийн ёс зүйтэй, хүнлэг, ёс жудагтай монгол хүнийг бий болгох бодлого орхигдсон нь үнэн

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.16/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд 2020.05.04-ний өдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан нарын өргөн мэдүүлсэн "Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санаачлагч гишүүдээс асуулт асууж, саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Байнгын хорооны гишүүддээ энэ өдррийн мэнд хүргэе. Хуулийн төслийн анх санаачилсан агуулга нь зөв. Гэхдээ хэлэлцэж байгаа Боловсролын хуульд нэг бүлэг, зүйл заалт болгон шингээж оруулах нь зүйтэй гэж би үзэж байна.

Хамгийн чухал нь бид хүнээрээ хүн хийх ухаанаа алдсан. Зөвхөн боловсрол гэхээс илүү ёс зүйтэй, ёс жудагтай, хүнлэг сэтгэлтэй, сайн зан чанар, зөв хандлагатай хүнийг бий болгоход анхаарал хандуулж уг хуулийг санаачилсан нь маш сайхан зүйл юм.

Бидний гарц шийдэл юу вэ гэхээр, бид саяхан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийн үндсэн чиглэлээ батлахдаа боловсролын салбарт зан чанарын хөтөлбөртэй болгох саналыг би хэлж байсан. Ингэснээр Ёс зүйн боловсролын хичээл дээр хүүхдийг багаас нь сайн зан чанартай болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн хүнийг хүн болгох, хүнлэг, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй хүн болгоход спорт, хөгжим урлаг чухал үүрэг гүйцэтгэдэг учраас үнэлэмж нь алдагдсан урлаг, хөгжим, биеийн тамирын хичээлийг дэмжиж, бүх ЕБС-ийг хөгжмийн зэмсэг, биеийн тамирын хэрэгсэлтэй болгох зорилгыг тавьсан.

Үүнд нэг дутагдалтай байгаа зүйл нь уламжлал, зан заншил, өв соёл, ахмадыг хүндлэх, Монгол хүнийг бий болгох төрийн хар хайрцагны бодлого алдагдсан. Түүнээс биш боловсрол гэхээр зөвхөн диплом яриад байдаг. Мэргэжлийн ёс зүйтэй, хүнлэг, ёс жудагтай хүнийг бий болгох бодлого орхигдсон нь яах аргагүй үнэн. Тиймээс байнгын хорооны гишүүддээ уриалмаар байна. Бид мөрийн хөтөлбөртөө "Хүний хөгжлийн цогц бодлого"-той болох зорилт тавьсан. Энэ бодлого руу хуулиа, санал санаачилгаа чиглүүлж, Монгол Улсад хүнээ хайрласан, хүнээ дээдэлсэн, Монгол дотортой Монгол хүнийг бий болгох, эхийн хэвлийд байхаас нь эхлээд насан эцэслэх хүртэл яаж хайрлан, дээдлэх цогц бодлогыг боловсруулах чиглэлд илүү анхаарал хандуулах шаардлагатай байна."

ШИНЭ МЭДЭЭ