МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Баярсайхан: Хүүхдээ хүн болгох, хүнээ иргэн болгох ардын ухаанаа сэргээх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлуүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Монгол Улсын Үндсэн хуульд Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж зорьж байгаа. Өнгөрсөн 30 жилд бид хүнээрээ хүн хийж байсан ардын ухаан, уламжлалт зан заншил, үндэсний өв соёл, өвөг дээдсийнхээ нарийн нандин, хүүхдээ хүн болгодог, хүнээ иргэн, зөв хүн болгодог ёс жудагтай, ёс суртахуунтай иргэн бэлддэг арга ухаанаа алдсан. Тиймээс бид нэг зүйлийг олон талаас нь хууль болох хүртэл нь яриад сууж байна. Энэ маш зөв. Яагаад гэхээр бүгд хүлээн зөвшөөрч байна. Төрийн түшээгээсээ УИХ-ын гишүүн, төрийн албан хаагчийн нэр хүнд унасан, нийгэм замбараагүй болсон. Одоо ард иргэд энэ нийгмийн ёс суртахуун, ёс зүйтэй болгох хүсэлтэй болсон. Тиймээс иргэдээ ёс суртахуунтай байлгах ёстой юм байна гэсэн үзэл баримтлалтай хууль орж ирж байна.

Хүүхэд хаана эвдэрч байна гэхээр гэр бүл, нийгмийн харилцаанд. Яагаад гэхээр өвөг дээдэс маань хүүхдээ гэр бүлд, нийгмийн харилцаанд нийтээрээ санаа тавьж, нэг хүүхдийг зөв хүн болгох гэж нийтээрээ анхаарч байсан. Энэ бодлого алдагдсан байна."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хариуллаа. 

"Б.Баярсайхан гишүүн Боловсролын салбарт, Монгол Улсын боловсролыг тодорхойлон ажиллаж байсан хүний хувьд үнэхээр амин чухал асуудал гэдгийг зүрх сэтгэлээсээ мэдэрч байна. Хүний хөгжил, хүний хөгжлийн тухай гэж нэрлээд явбал асар өргөн хүрээг эдийн засгийн өсөлтөөр бус хүний хөгжлийн индексээр нь тодорхойлдог болсон өнөө үед хүний хөгжил гэдэг нь юу вэ гэхээр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ажлын байр гээд үзэхээр том болоод задраад явах юм. Тиймээс илүү хүнлэг, сэтгэл зүрхний боловсрол гэж тодорхойлсон учраас энэ чиглэлээ барих нь зүйтэй.

Бид ёс уламжлалыг тээгч нар. Миний үеийнхэн бол эмээ, өвөөгийн үлгэр сонсож өссөн үеийнхэн. Өнөөгийн хүүхдүүд шиг компьютер тоглож өссөн Z, Y үеийнхэн юм. Сэтгэл зүрхний боловсрол чухлаас чухал, ус агаар мэт чухал байгаа юм."

Түүний хариултын дараа хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хариулт өглөө. 

"Б.Баярсайхан гишүүнд баярлалаа. Б.Баярсайхан гишүүн ярихдаа энэ байр суурийг илэрхийлдэг. Бидний үеийнхэн бол онцгойлсон ёс зүйтэй амьтад биш шүү дээ. Дутагдал ч их бий. Гэсэн ч гэр бүл, айл хотлоороо олсон боловсрол тодорхой хэмжээнд бий. Тиймдээ л өнөөгийн нийгэмд бий болоод байгаа сөрөг зүйлстэй тэмцэхийн тулд багаас нь сэтгэлийн боловсрол гэдэг зүйлтэй нь ажиллахгүй бол байдал өөрчлөгдөхгүй. Нийгэмд гарч байгаа бүх сөрөг зүйлсийг зөвхөн хуулийн хэм хэмжээгээр зохицуулагдана гээд хаячихаж болохгүй юм."

ШИНЭ МЭДЭЭ