МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гадаадын иргэдтэй холбоотой хууль, эрх зүйн шинэчлэл хийгдэнэ
2020.12.18
Гадаад харилцаа

Гадаадын иргэдтэй холбоотой хууль, эрх зүйн шинэчлэл хийгдэнэ

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.18) нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах эрхтэй. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ороод байсан ч хэлэлцэгдэж амжаагүй байгаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулах горимын саналаа албан бичгээр ирүүлснийг гишүүдийн олонхи дэмжсэн тул өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. 


Уг хуулийн төслийг чуулганы хуралдаанд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ахалж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд,Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. 

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага: 

Хууль зүйн үндэслэл

- Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно”, мөн “Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгүй хүний эрх, үүргийг өөрийн хуулиар тогтооно” гэж заасан. 

- Мөн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх хугацаа, иргэдээс бүрдүүлэх баримт бичиг, хүсэлтийг буцаах үндэслэл зэрэг асуудлаар журам батлах эрхийг эрх бүхий этгээдэд олгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасан.

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “...жуулчин хүлээн авах хүчин чадлыг сайжруулж, гадаад жуулчдын тоог нэмэгдүүлж, хил дээр олгодог цахим виз, визийн дэвшилтэт төрлүүдийг бий болгоно.” “Гадаадын иргэнд үзүүлэх зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлж, бүртгэл, хяналтыг сайжруулна.” гэж тус тус заасан байна.

Практик шаардлага

Монгол Улсын Их Хурал 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд уг хуульд 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

  • Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байгаа цаг үед гадаадын иргэнд үзүүлэх зарим үйлчилгээг мөн цахим хэлбэрт шилжүүлж, бүртгэл, хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа бөгөөд виз олгох үйлчилгээг цахимаар олгох боломжтой болсонтой холбоотойгоор түүний эрх зүйн үндсийг хуульд бий болгох,
  • Монгол Улсын визийн тухай ойлголтыг өргөтгөж, тодорхойлолтыг өөрчлөх, визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. 

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 140 орноос Монгол Улс  нийлбэр дүнгээр 93 дугаарт, 

  • “Олон улсад нээлттэй байдал” буюу жуулчны виз олгох нөхцөлийн үзүүлэлтээр 128-д, 
  • “Газрын боомтын дэд бүтцийн хөгжил” үзүүлэлтээр 126-д, 
  • “Жуулчны үйлчилгээний дэд бүтэц” үзүүлэлтээр 105-д, 
  • “Агаарын тээврийн дэд бүтэц” үзүүлэлтээр 97 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна. 

Иймд виз олгохтой холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх, шийдвэрлэх замаар Монгол Улс олон улс болон бүс нутагтаа өрсөлдөх чадвараа дээшлүүлж, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх шаардлага урган гарч байна. 

Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй богино байгаа бөгөөд энэ нь олон улс орноор дамжин аялал хийж байгаа болон аяллаа эртнээс төлөвлөдөг гадаад иргэдийн хувьд хүндрэл үүсгэдэг тул үүнийг өөрчилж олон улсын жишгийн дагуу визийн хүчинтэй байх хугацааг одоо байгаагаас уртасгах нь гадаадын иргэдэд учрах хүндрэлийг бууруулах, тоог нэмэгдүүлэх давуу талтай юм. 

Монгол Улс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож өгсөн байдаг нь цаг үеийн шаардлага, олон улсын нөхцөл байдалд нийцүүлэн визийн шинэ ангилал нэмэх, өөрчлөх зэрэг зохицуулалт хийх боломжгүйд хүргэдэг. Иймээс визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх үүднээс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож байгааг өөрчлөн виз олгох журмын дагуу Засгийн газар тогтоодог байх нь зүйтэй байна.

Энэ нь олон улсын нийтлэг жишиг бөгөөд ангиллыг олон болгох, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тохируулга хийх боломжийг бий болгох, нөхцөл байдалд тохируулан хурдан шуурхай бөгөөд уян хатан шийдвэрийг цаг алдалгүй гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Гадаад улс орнууд виз мэдүүлэх үйл ажиллагаатай холбоотой визийн материалын бүрдлийг хянах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг техникийн чанартай ажиллагааг визийн төв буюу хувийн хэвшлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх чиг хандлагыг баримталж байгаа бөгөөд манай улсын хувьд ч мөн Монгол Улсын визийг олон тоогоор мэдүүлдэг улс орнуудад визийн төв ажиллуулах шаардлагатай байгаа тул энэ талаарх зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байна. Энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах, виз олгохтой холбоотой хууль бус дундын зуучлалыг багасгах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг бууруулах, визийн мэдүүлэгт тавих хяналтыг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм. 

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор бүртгүүлдэг байхаар гадаадын иргэдийн бүртгэлийг хуульд тусгасан байна. 

Гэтэл дэлхийн улс орнууд техник технологийн хөгжлийг ашиглан гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед бие давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээ, царай, нүд зэргээр бүртгэж байгаа бөгөөд энэ нь гадаадын иргэнд бий болдог хүнд суртлыг бууруулах, төр нэгдмэл, үнэн мэдээллийн сантай болсноор хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Иймд Монгол Улсын гадаадын иргэний бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг өөрчилж хилийн боомтоор нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч бүртгэдэг байх, гадаадын иргэнийг орон байр, сууцаар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор тэдгээрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн байгууллагад цахимаар бүртгүүлдэг байх, оршин суугч гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох, гадаадын иргэнийг урьсан хугацаанаас үл хамааран уригчийн хариуцлагыг дээшлүүлэх зохицуулалтыг хуульд оруулах  нь зүйтэй байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай асуудлыг зохицуулсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаантай иргэнийг албадан гаргахаас чөлөөлөх тухай асуудлыг зохицуулалтгүй орхигдуулсан байна. Гэтэл практикт гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох, гадаадын иргэний гэр бүлийн болон хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, эрүүл мэнд зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас визийн хугацааг хэтрүүлсэн байх тохиолдол гардаг болно. Энэ тохиолдолд зохицуулалтгүй хэдий ч албадан гаргах ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь хүний эрхийн наад захын зарчмыг алдагдуулахад хүргэж байна. Иймд албадан гаргахаас чөлөөлөх зохицуулалт хуульд байхгүй байгаагаас гадаадын иргэн хохирч байгааг өөрчлөн, хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай бол албадан гаргахаас чөлөөлдөг байх зохицуулалт болон иргэний журмаар шүүхэд гомдол гаргасан бол шүүгчийн шийдвэрээр албадан гаргах ажиллагааг түдгэлзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульд бий болгох шаардлагатай байна. 

Түүнчлэн олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох асуудал зохицуулалтгүй байгааг өөрчилж, тэдний үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг батлах эрхийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд  хуулиар олгох шаардлага тулгарч байна. 

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ хөнгөн шуурхай болж улмаар гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын иргэний виз, бүртгэлийн тогтолцоо боловсронгуй болж, олон улсын жишигт нийцэхийн хэрэгцээ, эдгээрийг дагалдан гадаадын иргэдэд хяналт тавих механизм сайжрах зэрэг эерэг үр дүн гарна. 

Хуулийн төслийг дагалдан дараах хуулиудад өөрчлөлт орох юм. 
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх 7 хоногт Хууль зүйн байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын нэгдсэн чуулганаар батлах юм. 

ШИНЭ МЭДЭЭ