УИХ-ын гишүүн Б.Баярсайханы асуултын дагуу Баян айраг эксплорэйшн ХХК-ийн цианит натри ашиглах зөвшөөрлийг цуцаллаа
2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн шугам хоолойд гэмтэл гарч цианид натрийн уусмал асгарсан.
Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан бодлого тодорхойлж байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нараас дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүний асуултуудыг 2020.12.15-ны өдөр хүргүүлсэн бөгөөд удаа дараа салбарын сайд нарт хүсэлт гаргасан юм.
УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хүргүүлсэн асуултын дагуу “Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл”-ийн хурал 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Баян айраг эксплорэйшн ХХК-ийн баяжуулах үйлдвэрт цианит натри алдсан асуудлыг авч хэлэлцсэн юм.
“Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл”-ийн хурал /2020.12.28/
Энэ компани нь 6 удаа цианит натри алдсан. Үүнийгээ үерээс болсон, тээврийн компанийн буруу, цахилгаан дамжуулах агаарын шугамаас үүдэлтэй гэх мэтээр тайлбарладаг байна.
Өмнө өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг үйл ажиллагаандаа мөрддөггүй, технологийн горим зөрчдөг, нутгийн иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд онц аюултай цианит натри алдсан олон асуудлыг хэлэлцжээ. Эцэст нь Үндэсний зөвлөлийн гишүүдийн саналаар Баян айраг эксплорэйшн ХХК-ийн цианит натри ашиглах зөвшөөрлийг тодорхойгүй хугацаагаар цуцлах шийдвэр гаргасан байна.