2021.02.25
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Аялал жуулчлалын салбарт шинэ хуудас эхлүүлэх шинэ бодлого явуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж, салбарын мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.

Уулзалтын эхэнд Аялал жуулчлалын салбарынхан өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцынхаа талаар чиглэл бүрээр нэгтгэсэн товч танилцуулгуудыг хийв.

КОВИД19 халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар гэдгийг уулзалтад оролцогч талууд дуу нэгтэй зөвшөөрөв.

Тус салбарын нэгтгэсэн тоон мэдээллүүд ч үүнийг нотлон харуулж байв. Иймд хэрхэн тус салбарыг богино хугацаанд хөл дээр нь босгож, үйл ажиллагааг шинэ менежмент, шинэ зохион байгуулалт, алсын хараатай хөгжүүлэх вэ гэдгийг ярилцахаар Ерөнхий сайдын санаачлагаар тус уулзалтыг зохион байгуулж буй нь цаг үеэ мэдэрсэн, өгөөжтэй чухал уулзалт ярилцлага болж байна гэдгийг аялал жуулчлалын салбарынхан онцолсон.

Засгийн газар улс, орноо хөгжүүлэх тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлж харж буй. Шинэ бодлогоор, шинэ арга барилаар, шинэ хуудас нээж ажиллана. Үүний тулд салбар дахь асуудлаа ярилцаад маш тодорхой төлөвлөж Засгийн газар, УИХ-аас шийдвэрлүүлэх жагсаалтаа гаргаж авах нь зөв гэдгээ Ерөнхий сайд онцлоод салбарынхны мэдээллийг сонссон.

КОВИД19-ийн халдварт цар тахлын нөлөөнөөс үүдэн аялал жуулчлалын салбар урт хугацаандаа нийт 13-17 сар сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88,700 ажлын байрны 95 хувь цалин орлогогүй болсон. 2019 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ний 7,2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч 2020 онд салбарын орлого 65,8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97,6 хувь хүртэл буурчээ.

Энэ мэтчилэн аялал жуулчлалын салбар их хэмжээний хохирол амсжээ. Гэхдээ Монгол Улсад дархлаажуулалт эхэлж, халдварын голомтуудыг хумьж чадсантай холбоотойгоор аялал жуулчлал удахгүй сэргэх итгэл байгаа тул салбарын 14 ТББ-ын төлөөллийн 300 гаруй саналд үндэслэн ойрын хугацаанд;

Хил нээх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, иргэний нисэхийн багтаамжийг нэмэгдүүлэх, маркетинг үйлчилгээ, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд төр хамтран дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэсэн юм. Урт хугацаандаа дэлхийн зах зээлд чиглэсэн Монголын аялал жуулчлалын таван кластер хөгжлийн төв бий болгон ажиллах зураглалыг ч мөн танилцуулсан.

Тухайлбал:

Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан: Аялал жуулчлалын салбар цар тахлаас үүдсэн энэхүү хямралыг боломж гэж харах хэрэгтэй. Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээж авах боломжтой. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Алсын хараа хөгжлийн хөтөлбөртэй нийцнэ гэж үзэж байна. Манай бүс нутагт дэлхийн өнцөг булан бүрээс жилд Орос, Хятад, Хонгконг, Солонгос гэсэн 4 улсад жилд ирдэг 1,7 тэрбум жуулчны 0,2 хувийг л хүлээж авахад бид дээрх зорилтдоо хүрнэ.

Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоооны тэргүүн Н.Нарангэрэл: КОВИД19-ын хамгийн том хохирогч. Ажилгүй болсон 88 мянган хүний нэг би өөрөө. Бидний ажил эрхлэлт бүрэн зогссон. 100 хувь орлогогүй болсон байна. Тиймээс ХНХ-ын сайд болон БОАЖ-ын сайдад тодорхой хүсэлт тавья. Сайн дурын даатгалд хамрагддаг хүмүүсийн тасалдсан даатгалын асуудлыг шийдэж өгнө үү”  гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: уулзалтыг хааж хэлсэн үгэндээ; "Монгол улсын Засгийн газар Зах зээлийн эдийн засгийнхаа чөлөөт  цусны эргэлтийг нээе гэсэн бодлого барьж байна. Бид 513 мянган өрхдөө тандалт шинжилгээ хийж, халдварын тархалтыг хумьж чадсан. Тиймээс хөл хориогоо сулруулж, цаашлаад хилээ нээнэ. Энд яригдсан асуудлуудыг нэгтгэн ирэх 7 хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хурлаар хэлэлцэн танхимын сайд нараа мэдээллээр хангаж, байр сууриа нэгтгэнэ. УИХ, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах бодлогоо тодорхой гаргана. Өнөөдрийн уулзалтаас та бүгдийн тавьж буй асуудлуудыг нэгтгэн дараах таван чиглэлээр анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана.
  1. КОВИД19- ын хүндрэлийг даван туулах эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ
  2. Агаарын тээврийн либералчлал хийнэ
  3. 2021.05.01-ээс хил нээх саналыг нухацтай судалж шийдвэрлэнэ
  4. Визний үйлчилгээг цахимжуулж, цахим консул ажиллуулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ
  5. Салбарын хэмжээнд нэгдсэн маркетинг хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар хамтарч ажиллана" гэв.

ШИНЭ МЭДЭЭ