МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Батлут: Том улс төрч болно гэхээсээ илүү том ажлыг амжуулна гэдэгтээ анхаарлаа хандуулахыг эрхэмлэх болно
2020.09.09
Орон нутгийн хөгжил

Д.Батлут: Том улс төрч болно гэхээсээ илүү том ажлыг амжуулна гэдэгтээ анхаарлаа хандуулахыг эрхэмлэх болно

“Улстөрч” сэтгүүлийн “МАНЛАЙЛАГЧ” булангийн зочноор Эрдэнэтчүүдийн итгэлийг дааж, төр түшилцэх хариуцлагатай чухал үүрэг хүлээн гишүүний тангаргаа өргөөд буй Монгол Улын Их Хурлын гишүүн Дамбын Батлут оролцож байна.

Олон жил хамтдаа ажиллаж амьдарсан Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээж төрийн түшээгээр сонгогдсон танд баяр хүргэе. УИХ-ын гишүүн болно гэдэгтээ хэр итгэлтэй байв?

Юуны өмнө итгэл хүлээлгэсэн Эрдэнэтчүүд болон намайг дэмжиж тусалсан баг, хамт олондоо баярлалаа. Итгэлтэй гэхээсээ илүү Засаг дарга байхдаа хийж хэрэгжүүлсэн ажилдаа дүн тавиулна гэж сонгуульд оролцсон. Амаргүй, өрсөлдөөн ихтэй тойрог байлаа. Би болон манай багийнхан Эрдэнэт хотоо Технологийн хот болгох төлөвлөгөөгөө сонгогчдод санал болгож дэмжлэгийг нь авсандаа баяртай байгаа.

Улстөрийн амьдралд тавтай морил. Хаа хүртэл явах бол. Тооцож байв уу?

Би улс төрд шинэ хүн биш. Хорь гаруй жил улс төрд явж ирлээ. Энэ хугацаанд Эрдэнэт гэдэг том хотод олон хариуцлагатай албыг хашиж явлаа. Тиймээс улс төрч болно гэхээсээ илүү тэр ажлыг амжуулна гэдэгтээ анхаарлаа хандуулдаг. Эрдэнэт хот бол мэдлэг, технологийн хамгийн их нөөцтэй хот. Тиймээс энэ хотыг Монголын Цахиурын хөндий болгох зорилгоо биелүүлэх хүртлээ шийдвэр гаргах түвшинд ажиллахыг хичээнэ.

Эрдэнэтчүүдийн өдөр тутмын аж амьдралтай нүүр тулж, асуудал болгоныг шийднэ гэдэг мэдээж чанга даваа. Та энэ үүргээ аль хэр биелүүлсэн гэж бодож байна?

Үнэнийг хэлэхэд би нэр төрийн хойноос яваагүй ээ. Энэ хотод 35 жил ажиллаж амьдарч байгаагийн хувьд хаана нь ямар асуудал байдгийг маш сайн мэднэ. Тиймээс тэдгээрийг шийдэхийн төлөө ганцаараа биш багаараа зүтгэсэн. Бид чамгүй олон ажил амжуулсан. Хотдоо хамгийн хүнд асуудлаа шийдэх төслүүд болох үерийн нэгдсэн далан, хог боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж чадлаа. Мөн орон нутагт анх удаа Шинжлэх ухаан технологийн парк байгуулж гагнуурын электрод, будаг үйлдвэрлэж зах зээлд борлуулж эхэлсэн. Банкны шалгуурт тэнцдэггүй иргэдэд хүүгүй, барьцаагүй зээл олголоо. Энэ бүх ажилд маань эрдэнэтчүүд маань л дүн тавих байх.

Таныг удирдсан дөрвөн жилийн гуравт нь Орхон аймаг шилдэг аймгаар шалгарсан. Аймаг орон нутгаа, баг хамт олноо манлайлж ажил үйлсээрээ тэргүүлсний нууц нь юунд байна вэ?

Төрийн ажилд сэтгэл чухал байдаг. Төрийн тусын тулд хувь хүн оршдоггүй. Хувь хүний тусын тулд төр оршдог. Тиймээс иргэдэд тулгамдаж буй асуудлууд дунд нь байж, шийдвэрлэхийг л хичээж ажилласан. Үүний дүн л гэж дүгнэж байна. Нөгөө талаар Эрдэнэт хотын нөөц боломж маш их нөлөөлсөн. Манай хот өрсөлдөх чадвар, хүний хөгжлийн индексээр Монгол Улсад тогтмол толгой цохьдог. Таван хүн тутмын гурав нь инженерийн салбарт ажилладаг. Энэ үзүүлэлтүүд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Их улстөрд яах аргагүй ороод ирлээ. Хатуухан хэлэхэд та өөрийн нэр төр, гэр бүл гэд хамаг бүхнээ золиосонд гаргаж байна. Энэ бүхнийг тооцсон биз дээ?

Аливаа ажил албыг зөв шударга хашвал ямар нэгэн зүйлийг золиослох шаардлага бага гардаг. Үүнийг би улс төрийн амьдралд туулсан туршлагаасаа маш сайн ойлгосон.

Амжилт гаргахад хамгийн чухал зүйл юу вэ?

Амжилт гаргахад нэг зорилготой баг, хамт олон их чухал. Нөгөө талаас хүрэх зорилго, төлөвлөгөө тодорхой байх ёстой.

Та амьдралдаа, ажил төрөлдөө ямар зарчим баримталдаг вэ?

Ажил, амьдралдаа “Хүн байх нь чухал” гэдгийг л мөрдлөг болгодог. Хүн хүнээ хүндэтгэж, хайрлаж явах сайхан шүү дээ. Амьдрал ямар үүрдийнх биш. Хорвоод амьдрах богинохон хугацаандаа “хүн”-ээрээ байхыг л хүсэж явдаг.

Таны хувьд манлайлагч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

Манлайлагч хүн бусдын жаргал, зовлонг ойлгодог байх ёстой. Өөрийн төлөө биш бусдын төлөө шийдвэр гаргадаг байх ёстой. Зарим үед өөрийгөө золиосолж чаддаг байх хэрэгтэй.

Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа манлайлагч хүн юуг анхаарч амжилт бүтээдэг бол?

Энэ ажлыг хийснээр, ийм шийдвэр гаргаснаар үр дүн нь бусдад яаж нөлөөлөх бол гэж хамгийн түрүүнд бодож үздэг байх хэрэгтэй. Аль болох олон хүний амьдралыг эергээр өөрчлөх гэж л шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа шүү дээ.

Эрдэнэтчүүдийн танд өгсөн алтан боломж бол өөрсдөдөө хэрэгтэй хууль санаачлан батлуулах эрх. Ямар асуудалд нэн тэргүүнд анхааръя гэж бодож байна?

Хамгийн эхэнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн, хөрсөнд буусан хууль хэрэгтэй гэж дүгнэж байгаа. Яагаад гэвэл ЖДҮ эрхлэгчид маань ажлын байр, банкны шаардлага, хүү гэх олон бэрхшээлтэй нүүр тулдаг. Эдгээрийг уян хатан болгох, төрөөс олгодог зээл, тусламжийг жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэдээ хүрдэг болгоход эрх зүйн орчин чухал байна. Энэ чиглэлээр хамгийн эхэнд хууль санаачилна. Мөн төрөөс шинжлэх ухааны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэхэд анхаарна. Хууль нь батлагдсан боловч хэрэгжилт нь тийм ч сайн биш байгаа.

ШИНЭ МЭДЭЭ