Хөрөг найруулал бичих, радио, подкаст бүтээлийн уралдаан 3-р сарын 15 хүртэл сунгагдлаа
2021.03.03
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хөрөг найруулал бичих, радио, подкаст бүтээлийн уралдаан 3-р сарын 15 хүртэл сунгагдлаа

"Хүний эрх хамгаалагч Зоригтон-2021" хөрөг найрууллын уралдаан 3 сарын 15-ныг хүртэл сунгагдсан байна. 

Монголын Эмнести Интернэшнл, Оюу толгой хяналт, Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв ТББ-ууд хамтран Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжихэд хүний эрх хамгаалагчдын оруулж буй хувь нэмэр, тэдэнд тулгарч буй сорил бэрхшээлийн талаар олон нийтэд таниулан, хамгаалуулахаар сэтгүүлч, чөлөөт уран бүтээлч, нийтлэгчдийн дунд “Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН-г танилцуулъя” сэдвийн хүрээнд хөрөг найруулал бичих, радио, подкаст бүтээлийн уралдаан зарласан байна.

Хүний эрх хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэдний дунд оюутан, орон нутгийн удирдагч, сэтгүүлч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогчид, гэр бүлийнхэн нь, эмнэлгийн ажилтан, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, шүгэл үлээгч, байгаль хамгаалагч, газар усаа хамгаалж буй малчид, иргэд гээд олон төрлийн мэргэжлийн хүмүүс байдаг.

Шударга бус явдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил, бусдыг ад зэтгэр мэт буруутгах үзэлтэй үл эвлэрдгээс өнөөдөр тэдний үг хэлэх эрх чөлөөнд халдаж байна. Хоосон амлалтаар хүний эрхийг арилжиж байгаа этгээдүүдтэй зоригтой тэмцэж чадах хүмүүс юу юунаас илүү эрхэм. Бид хамтдаа өөрчлөлт авчирч чадах, эр зоригийг дэмжиж, Монголын хүний эрх хамгаалагчдын тухай олон нийтэд сурталчлан таниулахын тулд энэ хөрөг нийтлэлийн уралдааныг зарлажээ.

Уралдаанд тавигдах шаардлага: 

  • Хүний эрхийг хамгаалах салбарт манлайлж, хувь нэмэр оруулж яваа хүний эрх хамгаалагч, идэвхтэн тэмцэгчид (зөвхөн хавсралтад дурдагдсан нэрсээс заавал сонгох)-ээс аль нэгийг нь сонгож хөргийн гол дүрээ болгоно.
  • Хөрөг найруулалдаа Хүний эрх хамгаалагч гэж хэн байх ёстой гэдгийг олон улсын болон үндэсний эрх зүйн баримт бичигт хэрхэн тусгагдсаныг дурдаж, тухайн хүний үйл ажиллагаа, түүхтэй нь холбон тайлбарлана.
  • Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцох болсон шалтгаан, учирч байсан саад бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хөндөнө.
  • Хүний эрхийг хамгаалах талаар хийж бүтээсэн бодит сайн жишээг өгүүлэн тайлбарлана.
  • Хүний эрх хамгаалагчийг хамгаалахад юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуудлыг заавал багтааж оруулна.
  • Аль болохоор дурдах биш тодорхой жишээн дээр харуулж “хэн ч хүний эрх хамгаалагч байж болох, мөн тэднийг хамгаалахад юу хэрэгтэй” гэдэг дээр санаа дэвшүүлсэн байна.
  • Уралдаанд оролцогчид бүтээлээ сонин, сэтгүүл, веб сайт, радиод нийтэлж, нэвтрүүлсэн байх бөгөөд давхар сошиал орчинд түгээсэн байна.

Харин уралдаанд оролцох хүсэлтэй, дэлгэрэнгүй мэдээлэл авах сонирхолтой сэтгүүлч, уран бүтээлчид хүний эрх хамгаалагч, идэвхтэн тэмцэгчдийн талаарх нэрс бүхий хавсралтыг дараах хаягаар буюу 99788094 утсаар Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас авах юм байна.

Хүний эрх хамгаалагчийн тухай мэдээллийг www.amnesty.mn; https://www.upr-mongolia.mn/ сайтаар орж үзнэ үү.

ШИНЭ МЭДЭЭ