МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.29
Орон нутгийн хөгжил

Орхон аймгийн 2019 оны онцлох үйл явдал

Монгол Улсын төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн чадавхи, өрсөлдөх чадвар, хүний хөгжлийн индексээрээ ямагт тэргүүлдэг  Орхон аймаг, Эрдэнэт хотод улиран одож буй 2019 онд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, зам харилцаа зэрэг нийгмийн бүхий л салбарт өрнөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бодлого, шийдвэрийн онцлох үйл явдыг нэрлэж байна.  

Улсын Их хурлын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсанаар Орхон аймаг  улсын зэрэглэлтэй хот болох  шийдвэр гарч, Хүний хөгжилд чиглэсэн бодлого, хөтөлбөрийнхөө үр дүнд 2017, 2018 онд Улсын тэргүүний аймгаар шалгарсан амжилт, бүтээлээр дүүрэн жил байлаа.   

БУДГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЛАА

Хоногт гурван тонн, сард  90 тонн эко будаг үйлдвэрлэх хүчин чадалтай “Будгийн үйлдвэр” ашиглалтад орлоо. “Эрдэнэт ШУТП”-ийн дэргэд байгуулагдсан уг үйлдвэр 12 нэр төрлийн 30 гаруй өнгийн будгийг зах зээлд нийлүүлнэ. Монгол технологиор үйлдвэрлэсэн эко будаг нь хурдан хатдаг, олон дахин давхарлах шаардлагагүй зэрэг олон давуу  талтай юм. 

АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН БУУРАВ

Орхон аймагт ажилгүйдлийн түвшин 2016 онд 22.4 хувь, 2017 онд 23.5 хувь 2018 онд 12.7 хувь болж буурав. Энэ нь улсын хэмжээнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт юм. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнд сүүлийн 3 жилд  5000 гаруй иргэнийг ажлын байранд зуучилж, 2000 иргэн шинэ ажлын байртай боллоо.

  ЭНЭ ОНД 5 ЦЭЦЭРЛЭГ, 2 СУРГУУЛИЙН  БАРИЛГЫГ ЭХЛҮҮЛЭВ

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зорилгоор 2019 онд Яргуйт, Баянбулаг баг тус бүрт 150, Их-Залуу багт 100, Эрдэнэ багт 150, Булаг багт 150  хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Уурхайчин багт 928 хүүхдийн багтаамжтай сургууль, Рашаант багт 250 хүүхдийн суудалтай сургууль, Жаргалант суманд 1200 хүүхдийн багтаамжтай сургуулийн дотуур байрыг  барьж байна

                     ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА

Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барина.  Дээрх төсөлд Польш улсын Засгийн газраас 9 сая еврогийн санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгоно. Төслийн хүрээнд хог боловсруулах үйлдвэр,  ландфиллийн талбай байгуулах,  хог татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлнэ.  Уг ажил  2021 онд дуусна.

ЕСБХБ-НЫ САНХҮҮЖИЛТЭЭР ҮЕРИЙН ДАЛАНГАА ШИНЭЧИЛНЭ

Эрдэнэт хот гадаадын улс, хот, донор байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж 2019 онд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 14 сая ам.долларыг Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээ, үерийн даланг шинэчлэх ажилд хөрөнгө оруулах шийдвэр гарлаа. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 120 мянган ам.долларын хөрөнгө оруулж Эрдэнэт хотын хөрсний бохирдлыг бууруулах, залуучуудыг чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

  ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙГ БАЙГУУЛАВ

Цагдаа, ОБГ, Түргэн тусламжийн төвийн 101, 102, 103 тусгай дугаарын утсыг  нэгтгэсэн “CALL CENTER” буюу Мэдээлэл шуурхай удирдлагын төв байгуулагдлаа. Тус төвд камерийн хяналтын систем байрлаж гэнэтийн гамшиг осол, яаралтай тусламжийн үед Цагдаа, ОБГ, Түргэн тусламжийн баг 15-20 минутад очих боломжтой болж байна.

  ХОТЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Орон нутгийн төсвийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хотын төв зам дагуух орон сууцны байр, үйлдвэрлэл, үйлчилгээний газар, томоохон худалдааны төвүүдийн гадна пасадыг гэрлээр чимэглэлээ. Уг ажлыг “Анд энерги”, “Авто мастер” компани сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.   

ӨРХИЙН БОЛОН БИЧИЛ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ  ЭХЛҮҮЛЭХ 80 ИРГЭНИЙГ ДЭМЖЛЭЭ

Аймгийн Засаг даргын санаачилгаар байгуулсан “Эрдэнэт” ШУТП нь 2017 онд  гагнуурын электродын үйлдвэр байгуулж 2018 онд 140 сая төгрөгийн ашигтай ажиллаж түүгээрээ өрхийн болон бичил бизнес эрхлэх хүсэлтэй 19 иргэн тус бүрт 2 сая төгрөг буюу 38 сая төгрөг, 2 аж ахуйн нэгжид 100 сая төгрөгийн ХҮҮГҮЙ, БАРЬЦАА ХӨРӨНГӨГҮЙ эргэн төлөх нөхцөлтэй зээл олголоо. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 122 сая төгрөгийг 61 иргэнд  эргэн төлөх нөхцөлтэйгээр олгосноор нийт 80 иргэн ажлын байртай боллоо.

ЦАХИЛГААН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ 3 ДАХИН ӨСГӨХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Цахилгаан эрчим хүчний хэрэглээг найдвартай эх үүсвэрт холбох чиглэлээр “Эрдэнэт ДЦС”-ыг СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх ажил үргэлжилж байна. Уг өргөтгөлийг БНХАУ-ын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийнэ. Ингэснээр тус станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөх, цахилгааны өөрийн өртгийг 65 төгрөгөөр бууруулах боломж бүрдэнэ. Мөн  “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК Дэлхийн банктай хамтран Эрдэнэт хотод 35/6 кВт станцыг шинээр барьж цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчилж байна.

ХҮҮХДИЙН СПОРТЫН VI НААДАМД ОРХОН АЙМАГ ДЭД  БАЙРТ  ОРЛОО

Монголын хүүхдийн спортын VI наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн баг тамирчдаас Орхон аймаг дэд байрт шалгарч  19 алтан медаль, 16  мөнгөн медаль, 20 хүрэл медаль хүртсэн байна. Уг наадмын 31 төрөлд Орхон аймгийн 250 гаруй сурагч  өрсөлдлөө.

ШИНЭ МЭДЭЭ