“Бид Дижитал Иргэд” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүллээ
2021.04.15
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

“Бид Дижитал Иргэд” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүллээ

Хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэх “Бид Дижитал Иргэд” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүллээ

Facebook компани Монголын интернэт хэрэглэгчдийг цахим ертөнцөд аюулгүй, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд шаардагдах чадваруудыг эзэмшүүлэх, боловсрол олгох “We Think Digital – Бид Дижитал Иргэд” төслийг өнөөдөр /2021.04.14/ эхлүүллээ. Төслийн хүрээнд Faro Foundation Mongolia ТББ, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар хамтран цуврал хэлэлцүүлэг, үнэгүй сургалт болон энэ төрлийн мэдлэг олгох контентуудыг бэлтгэн хүргэх бөгөөд энэ онд 10,000 сурагчдад сургалт орохоор төлөвлөөд байна.

Дижитал бичиг үсэг, дижитал иргэншлийн боловсролыг олгох зайлшгүй шаардлага бий болсон энэ үед Facebook компани олон улсад хэрэгжүүлж буй уг хөтөлбөрөө Монгол Улсад ийнхүү эхлүүлж байна. Хөтөлбөрөөр дамжуулан өнөөгийн байнгын хөгжин, өөрчлөгдөж буй дижитал орчинд өөрсдөд олгогдсон эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, хүлээн авч буй мэдээлэлдээ нухацтай хандах, зөвийг түгээх, хамгийн гол нь цахим орчинд бусад хүмүүстэй хэрхэн харилцах талаар интернэт хэрэглэгчдэд заах юм.

“We Think Digital – Бид Дижитал Иргэд” хөтөлбөр нь 2019 онд нээлтээ хийсэн “Дижитал бичиг үсгийн номын сан” хөтөлбөрийн илүү сайжруулсан, илүү өргөн агуулгыг хамарсан хувилбар юм. Дижитал иргэншил, цахим аюулгүй байдал, дээрэлхэлт, хувийн нууцлал, хуурамч мэдээлэл зэрэг сэдэвтэй, найман модулиас бүрдсэн сургалтын хөтөлбөр юм.

Хонконг, Тайван, Монгол улсын олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен

Бид хэрэглэгчдийнхээ цахим аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч байнгын сайжруулалт хийж, илүү сайн арга замыг хайдаг. Бид өөрсдийн платформоо аюулгүй, эерэг болгохын тулд илүү сайн хэрэгслүүдийг бий болгож, бодлогоо улам сайжруулж, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болно" хэмээн Хонконг, Тайван, Монгол улсын олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен ярив. Мөн тэрбээр "Бид Монголд зөвхөн  “We Think Digital – Бид Цахим Иргэд” төслийг нэвтрүүлэхээс гадна хуурамч мэдээллийн тархалтыг бууруулах, цахим дарамт шахалт үзүүлэх явдлыг багасгах зэрэг асуудалд анхаарч, хүмүүс, технологи, төсөл хөтөлбөрүүд болон хамтын ажиллагаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийх болно" хэмээлээ.

Хөтөлбөрийн нээлтийн хүрээнд цахим хэлэлцүүлгүүд өрнүүлж байгаа бөгөөд уг нээлтэнд зориулж Монгол Улсын Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнэ

“Facebook компани “Бид Дижитал Иргэд” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаад баяртай байна. Монгол Улс цахим шилжилт хийх ажлыг нэн тэргүүнд тавьж, Засгийн газар дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхийг эрмэлзэж байгаа энэ үед цагаа олсон үйл явдал болж байна. Манай ард иргэдэд зориулж энэ чухал ажлыг хэрэгжүүлж байгаа Facebook компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Facebook компанитай олон чиглэлээр хамтарч ажиллана гэдэгт итгэж байна,” хэмээжээ. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын Дарга Б. Болор-Эрдэнэ уламжлав.

Фэйсбүүк компани Faro Foundation Mongolia ТББ-аас гадна Монголд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар болон FACTCHECK сайт хэмээх байгууллагуудтай хамтран ажилласандаа баяртай байгаа гэдгээ илэрхийлэв.

“Бид Дижитал Иргэд” цахим хэлэлцүүлгүүд 

Бид Дижитал Иргэд төслийн цахим нээлтийн хүрээнд дижитал иргэншил болон түүнтэй холбоотой сэдвүүдийн талаар салбар бүрийн туршлагатай мэргэжилтнүүд болон олны танил хүмүүсийг урьж, сонирхолтой цуврал хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм.

Эхний хэлэлцүүлэг 2021.04.14-ний 13:00 цагт “Дижитал иргэншил” сэдвийн хүрээнд дижитал иргэн ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой, яагаад энэ талын боловсролыг эзэмших шаардлагатай талаар өрнөлөө.

Хоёр дахь хэлэлцүүлэг 2021.04.28-ны 13:00 цагт “Цахим аюулгүй байдал” сэдвийн хүрээнд Монгол дахь цахим орчны гадуурхал, дээрэлхэлт, энэ төрлийн асуудлаас хэрхэн сэргийлэх, ямар ямар арга хэмжээ авах нь зүйтэй талаар мэргэжилтнүүдийн санал бодлыг солилцоно.

Гурав дахь хэлэлцүүлэг 2021.05.12-ны 13:00 цагаас “Хуурамч мэдээлэл” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн салбарынхантай цахим орчинд хуурамч мэдээллийг хэрхэн таних, үүнд хэрхэн автахгүй байх тухай сонирхолтой яриа өрнүүлнэ.

Сүүлийн хэлэлцүүлэг 2021.05.26-ны 13:00 цагт “Хувийн нууцлал” сэдвээр цахим орчинд хувийн нууцаа хэрхэн хамгаалж, эрсдлээс зайлсхийх мөн дижитал мөрөө эерэг байлгах яагаад чухал болох талаар ярилцана.

Цахим хэлэлцүүлгүүдийг  We Think Digital Mongolia фэйсбүүк хуудсаар хүлээн авч үзээрэй.

Баруун талаас: А. Бямба-жаргал, Б. Идэр-Од, Б. Болор-Эрдэнэ, П. Наранбаяр

Wethinkdigital.fb.com сайтаас та Монгол хэл дээр орчуулсан хөтөлбөрүүдийг хүлээн авах боломжтой. Facebook компани олон улсын мэргэжилтнүүд, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран бэлтгэсэн хичээлийн материалуудыг та үнэгүй татаж авах боломжтой. Хичээлүүдийг татаж авахыг хүсвэл:  https://wethinkdigital.fb.com/mn/mn-mn/resources/.

Сургагч багш бэлтгэх хөтөлбөр

Бид 4 сарын 16-наас эхлэн сургагч багш бэлдэх сургалтуудыг зохион байгуулах болно. Сургалт нээлттэй тул та манай Фэйсбүүк хуудаснаас бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Вэбсайт: https://wethinkdigital.fb.com/mn

Фэйсбүүк:https://www.facebook.com/wethinkdigitalmn/

Инстаграм: https://www.instagram.com/wethinkdigitalmn/

ШИНЭ МЭДЭЭ