МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн Нэгдсэн мэдээллийн цахимжсан байдалд талархаж буйгаа илэрхийллээ
2021.05.14
Орон нутгийн хөгжил

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн Нэгдсэн мэдээллийн цахимжсан байдалд талархаж буйгаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлөө сааруулах, цахим “Эрдэнэт” зэрэг хот төлөвлөлтөө сайжруулах, иргэдээ орон сууцжуулах талаар танилцууллаа.

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1994 онд “Орхон” аймаг болсон. Өдгөө Орхон аймгийн хүн ам 90 орчим мянга болж үзүүлэлтээрээ улсынхаа хэмжээнд Улаанбаатар хотын дараа хоёрдугаар байрт ордог. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.2 хувь бөгөөд нийт хүн амын 63.9 хувийг залуучууд эзэлдэг. Аймгийн хүн амын 64 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 95.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

Энэ үеэр “Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Парк” ОНӨААТҮГ-ын танилцуулга хийсэн. Уг Парк нь орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх судалгаа хийх, инновацийн тогтолцоо, гарааны бизнес хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд голлон анхаарч ажилладаг гэдгийг удирдлагууд нь хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газраас нэмүү өртөг шингээх чиглэл рүү анхаарлаа хандуулж байгаа. Тэр дундаа уул уурхайн салбарыг боловсруулалт руу хөгжүүлэх тал дээр томоохон зорилт тавин ажиллаж байна. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого дээр тулгуурласан 100 төслийг зарласан. 100 төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх, эдийн засгийг үрсэнгүй хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхээр Засгийн газрын 101 дэх хоног дээрээ зарласан. Энэ хүрээнд Эрдэнэтэд ирсэн зорилго бол 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Засгийн газрын тогтоолоор үйлдвэр технологийн паркийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах тусгай зөвшөөрлийг олгосон. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд зэс баяжуулах үйлдвэрийг байгуулна. Цаашлаад бид төмрийн хүдрээ баяжуулна, алтаа цэвэршүүлнэ, дотооддоо газрын тосоо боловсруулна, аль болох экспортоо нэмэгдүүлж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллана.

Орхон аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай анх удаа танилцлаа. Цахимжуулалт маш сайн хийсэн байна. Үүнд Засгийн газрын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Вакцинд хамрагдалтын мэдээлэл, явц болоод Орхон аймгийн зарим төрийн байгууллагад очиж танилцахаас илүүтэйгээр нэгдсэн системийн удирдлагаар цахимаар танилцах боломжтой болсон нь олон давуу талыг бий болгож байна. Цаашдаа e-mongolia хөтөлбөр орон нутаг руу салбарлаж орох ёстой. Орон нутгийн удидлагууд хамтарч манлайлан ажиллах хэрэгтэй" гэв.

Мөн энэ үеэр орон нутагт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг аймгийн удирдлагууд ерөнхий сайдад хандаж тавьсан юм. Тухайлбал орон сууцны төсөлд хамрагдах зардлын асуудалд анхаарч өгөхийг хүслээ. Засгийн газраас энэ ажилд 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ засгийн газрын тэргүүн хэлсэн юм. Төр дэд бүтцүүдийг нь дэмжин, компаниуд орон сууцнуудаа барих зарчмаар явах нь зүйтэй гэлээ. Засгийн газраас ирэх жилийн тэргүүлэх бодлого нь орон сууцжуулахад анхаарч байгаа.

ШИНЭ МЭДЭЭ