Л.Оюун-Эрдэнэ: Ульхан, Хавирга боомтыг хатуу хучилттай замаар холбосноор нийгэм, эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ
2021.05.21
Зам, Тээвэр

Л.Оюун-Эрдэнэ: Ульхан, Хавирга боомтыг хатуу хучилттай замаар холбосноор нийгэм, эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын зүүн аймгуудад хийж байгаа албан томилолт үргэлжилж байна. Тэрээр Чингис хот-Дадал чиглэлийн хатуу хучилттай автозамын явцтай танилцав.

Засгийн газар аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн гурван аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж, Хэнтий аймагт Их эзэн Чингис хааны дурсгалт газар бүхий цогцолбор байгуулж байна. Нэн тэргүүнд хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбож, үүний дараа аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого дагасан автозамтай болох зорилт тавьж байгааг Ерөнхий сайд хэлэв. 

2019 онд Дорнод аймгийн Ульхан боомтоор 683, Хавирга боомтоор 3,130 гадаадын жуулчин нэвтэрсэн байна. Хатуу хучилттай замтай болсноор дээрх боомтуудаар дамжин хоёр хөрш рүү аялах, дамжин өнгөрөх дотоод, гадаадын  жуулчдын урсгал нэмэгдэнэ. Мөн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай үйлчилгээ нэвтэрч, бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбар хөгжинө гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэв. 

НҮБ-аас 1995 оноос хэрэгжүүлж буй “Их түмэн гол санаачилга” төсөл нь ОХУ-ын Приморск, Хабаровск, БНХАУ-ын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоининг, БНСУ-ын Пусан, Улсан, Сокчо, Пухан, Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутгийг хамардаг. ОХУ-ын дээрх бүс нутагт жилд 10 гаруй, БНХАУ-ын хил залгаа бүс нутагт 310 гаруй сая хүн аялдаг. 

Эдгээрийн 0,06 хувийг Монгол Улсад татахад л зүүн бүсэд жилд 200 мянган гадаадын жуулчин аялж, аялал жуулчлалаас 150 тэрбум төгрөг олох боломжтой. Иймээс хилийн боомтуудын хүчин чадлыг нэмж, төвлөрсөн аялал жуулчлалын бүсүүдтэй автозамаар холбох шаардлагатай юм.

Ерөнхий сайд мөн Дадал суманд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор”-ын төлөвлөлт, “Дэлүүн болдог” нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ