2021.06.23
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
“Гандантэгчэнлин хүрээ хороолол”-ын хэсэгчилсэн төлөвлөгөөг 2012 онд тодотгож, хийд орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг 2015 онд НИТХ-аар баталсан. Дахин төлөвлөлтөөр 1,568 өрхийн 6,740 иргэн оршин суух бөгөөд инженерийн дэд бүтэцтэй болгоход 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байжээ. 2014 онд 674 өрх, энэ онд 400 өрхөөс дахин судалгаа авахад дийлэнх нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдож, өөрсдөө газартаа бүтээн байгуулалт хийх санал өгсөн байна.
Иймээс:
- Хийд орчмыг уламжлалт хэв маягаа хадгалсан соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж хэрэгжүүлэх;
- Инженерийн шугам сүлжээтэй болгох, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг тохижуулах, шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламж, хандив, бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөжээ.
Инженерийн дэд бүтэц бий болгоход зориулж 2018-2021 онд улс, нийслэлийн төсөвт 4,5 тэрбум төгрөг баталж өгсөн. 3,6 тэрбум төгрөгөөр ус, дулаан хуваарилах төв барьж, дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам татсан байна. БГД-ийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийд орчмын 56 га-д одоо 1,642 өрхийн 5,743 иргэн оршин суудаг. 2,538 барилга байгууламжтай, 174 аж ахуйн нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, автомашины засвар, үйлчилгээ эрхэлдэг байна. Гадаадын жуулчдын очдог газрын нэг болох Гандантэгчэнлин хийд, Жанрайсиг дуганыг 2015 онд 25 мянга, 2018 онд 30 мянга, 2019 онд 32 мянга гаруй хүн үзэж сонирхсон судалгаа гарчээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13