Нийт хүн амын 60 хувь нь коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна
2021.07.28
Эрүүл мэнд

Нийт хүн амын 60 хувь нь коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. Энэ оны 7 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, 60,1 хувь нь хоёрдугаар буюу бүрэн тундаа хамрагдаад байна.

2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр төрлийн нийт 4.5 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй, вирусний эсрэг 3.0 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байна.

Үүнтэй холбогдуулан хилийн боомт дээр үүссэн бөөгнөрөл саарч, ачаа тээврийн эргэлт хэвийн хэмжээнд орох хүртэл хугацаанд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг мөн эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй төрийн өмчит хуулийн этгээд, зарим ААН-ийн нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтэд тулгуурлан дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлэхийг Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд даалгалаа. 

 Товч мэдээ:

  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан гишүүдэд танилцууллаа. Тус төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 32,6, 2021 оны гүйцэтгэл 53.1 хувьтай байна. Нийт 210,267 ажлын байр хадгалж үлджээ. Ажлын байрыг дэмжих 2 их наядын зээлийн хүрээнд 22.9 мянган зээлдэгчдэд 1,7 их наяд төгрөгийн зээл олгож, 86,5 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгыг зориулалтын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт шилжүүллээ.
  • Энэ оны 5 дугаар сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хянаж ажиллахыг Сангийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга Б.Жавхланд даалгалаа.
  • “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2020 онд авах зээлийн тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл”, “Байгаль орчны шинжилгээний төвийн лабораторийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олгосон.

ШИНЭ МЭДЭЭ