Монгол улс Ковид 19 цар тахлын үед ч хүний эрх хамгаалагчдыг хамгаалахаа амлав
2021.07.30
Хүний эрх

Монгол улс Ковид 19 цар тахлын үед ч хүний эрх хамгаалагчдыг хамгаалахаа амлав

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 4 сарын 2-нд “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль” баталсан бөгөөд энэ хууль өнөөдөр буюу 7 сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна.

Ковид 19 цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд цаг үед Монгол улс хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд оруулж буй хүний эрх хамгаалагчдын хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, тэднийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлж байгааг Монголын Эмнести Интернэшнл сайшааж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 1998 оны 12 дугаар сарын 9-нд баталсан Хүний эрхийг хамгаалагчдын эрх үүргийн тухай тунхаглалд “хүн бүр бие даан болон бусадтай нэгдэж үндэсний, олон улсын түвшинд хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хүндэтгэн биелүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих, тэмцэх эрхтэй” болохыг заасан. Хүний эрх хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг бөгөөд тэдний дунд сэтгүүлчид, хуульчид, Үйлдвэрчний Эвлэлийн гишүүд, оюутан, багш, эмч гээд хэн ч байж болно. Гэвч тэд шударга ёсыг шаардсаныхаа төлөө алхам тутамдаа айлган сүрдүүлэлт, заналхийлэлтэй тулгарч, бүр амь насаа алдаж байгаа нь тэдэнд зохих хуулийн хамгаалалт хэрэгтэй байгааг харуулдаг.

Дэлхий дахинд хүний эрх хамгаалагчдыг хамгаалах хуулийн зохицуулалттай 40 гаруй улс байгаа ч, тусгайлсан хуультай цөөхөн улс орны нэгд Монгол улс багтлаа. Энэ хуулиар хүний эрхийг хөхиүлэн дэмжиж, хамгаалж байгаа идэвхтэн тэмцэгчдийн эрхийг хүндэтгэн, хамгаалах төрийн алба хаагчдын үүрэг хариуцлагыг бий болгож, эрсдэлт нөхцөлд буй хүний эрх хамгаалагчид, тэдний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчийг хамгаалахаар тусгасан.

Хэдий тийм боловч хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааг хумьж болзошгүй заалтууд нэмж оруулсанд Монголын Эмнести Интернэшнл, хүний эрх хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагууд харамсаж байна. Үүнд тус хуулийн 7.2.11 болон 8.2.32 заалтуудаар хүний эрхийг зөрчсөн албан тушаалтан, хуулийн этгээдийг шүүмжилсэн идэвхтэн тэмцэгчдийн дуу хоолойг хязгаарлахад урвуулан ашиглагдаж болзошгүй хуулийн цоорхойг бий болгожээ. Монгол улсад хүний эрх хамгаалагчдад хамгийн их тулгардаг бэрхшээл нь бусдын нэр төр алдар хүндэд халдсан хэргээр цагдаа, шүүхэд дуудагдах явдал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцолж байсан бөгөөд дээрх заалтууд нь энэ эрсдэлийг бий болгож байна.

Мөн түүнчлэн уг хуулийн 10.23 дугаар заалтаар хууль хэрэгжүүлэх механизм бий болгохдоо ХЭҮК-ын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн ч практикт хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны шаардлагатай төсвийг бүрэн олгохгүй байгаа нь хүний эрхийн хэрэгжилтийн хяналтыг сулруулах, улмаар хүний эрх хамгаалагчдын хамгаалалтыг үр дүнгүй болгох эрсдэлтэй гэж хүний эрхийн ТББ-ууд үзэж байна.

“Хүний эрхийг зөрчсөн төрийн албан хаагч, хуулийн этгээдийг шүүмжилсэн идэвхтэн, тэмцэгчийг дуугүй болгоход хэрэглэгдэж болзошгүй эдгээр хуулийн цоорхойг арилгаж байж Монгол улс энэ хуулиараа хүний эрх хамгаалагчдыг бүрэн хамгаалах боломжтой. Цаашид зөвхөн хууль батлаад орхилгүй, хуулийг практикт үр дүнтэй хэрэгжүүлэхэд илүү анхаарал хандуулах шаардлагатай“ хэмээн Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа өгүүллээ.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбогдуулан Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас УИХ-д хандан дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  • Хүний эрх хамгаалагчдын хууль ёсны үйл ажиллагааг хязгаарлах зэргээр урвуулан ашиглахаас сэргийлж Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.2.1 болон 8.1.3 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл нэмэлт тайлбар гаргах;
  • Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс нь энэ хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах хангалттай төсөв, хүний нөөцтэй байх, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн хараат бус байдал нь хангагдсан байхыг баталгаажуулах.

7.2.1. Гадаад улсын тусгай албад, түүний халхавч байгууллага болон үндэсний эв нэгдлийг бусниулах, мөнгө угаах, террорист болон экстремист үйл ажиллагаа явуулдаг, санхүүжүүлдэг байгууллага, хувь хүнээс, эсхүл хандивлагч нь тодорхойгүй санхүүжилт авахыг хориглоно.
8.2.3 Хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах
10.2.Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн Хорооны дарга байх бөгөөд Хорооны үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ