Төрийн төмөр нүүр болдог ч тойрогтоо халамжтай гишүүн
2021.09.21
Улстөр

Төрийн төмөр нүүр болдог ч тойрогтоо халамжтай гишүүн

Шүүхийн шинэтгэл, Эрүүгийн эрхзүйн хүрээнд Х.Нямбаатарын оролцож, заримд нь манлайлан хийсэн хууль эрхзүйн хүрээн дэх ололтоос бид хэрхэвч ухарч болохгүй.

Х.Нямбаатар журмын нөхдийн хамт гудамжинд тэмцэж, хууль эрх зүйн хүрээнд шүгэл үлээж, жагссаных нь үр дүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, үүнтэй холбоотойгоор хийгдэх Шүүхийн тухай багц хуулийн шинэчлэл байлаа. 

Тэрээр “Эрхзүйн шинэтгэл-2” хөтөлбөрийг хийхээр шулуудснаа мэдэгдэж, уг ажлынхаа хүрээнд  2020 оны намрын чуулганаар гэхэд 18 хуулийн төсөл өргөн барьсан. Шүүхийг улстөрчдөөс тэр дундаа Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс хараат бус болгох өөрчлөлт  хийнэ хэмээн эхлүүлсэн ажил нь эхнээсээ амжилттай хэрэгжиж байна. Шүүхийн эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс салгана гэдэг бидний төсөөлж буй шиг хэлээд л, хэлэлцээд л болчих тийм амар улс төр биш. Өнгөрсөн парламентын үеэр ч энэ тал дээр чанга, зоригтой дуугарч байсан хуруу дарам цөөн хүний нэг байв. 

Өнгөрсөн жилүүдэд урт нэртэй хуультай холбоотой компаниудын газрын лицензийг сэргээсэн 20 орчим шүүгч, үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчдийн түүний дэлгэсэн зүйлс нотлогдож, тогтоогдсон.

Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хэд хэдэн шүүгч яллагдсанаас шударга ёсыг тогтоох ёстой газрын шударга бус байдлыг иргэд мэдэж авсан. Шүгэл үлээгээд л болчих биш асуудлыг шийдэх гарц гаргалгааг олж, хууль эрхзүйн орчинд хэрэгжүүлэх бүхий л боломжийг хэрэгжүүлж чадах хүн учраас л түүнийг ХЗДХ-ийн сайдаар томилсон биз. 

“Хуульчдад Хууль зүйн сайд болох мөрөөдөл байдаг байж болох юм. Миний хувьд сайдын ажлыг зөвхөн албан тушаал гэхээсээ илүү ажил хийх боломж гэж бодож байна. Энэ тогтолцоог илүү яаж боловсронгуй болгох вэ, үүний төлөө би юу хийж чадах вэ гэдгийг л дотроо бодож яваа. Хонгилын нэг эзнээс түлхүүрийг аваад нөгөө эзэнд нь дамжуулдаг буухиачийн үүрэг гүйцэтгэдэггүй тийм л эрх зүйн тогтолцоог бий болоосой гэж хүсдэг” гэдгээ Х.Нямбаатар сайд дурдсан нь бий.  Сайдын алба шагнал бус үүрэг, дагаад ирдэг олон хариуцлага, иргэдийн өнөө болон ирээдүйн амьдралыг зохицуулагч болох хүндхэн ажил байдаг. 

Төр төмөр нүүртэй гэж бид ярьдаг. Бурууд хатуу байх төрийн төмөр нүүр болж явдаг нь үе үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд нар байдаг. Х.Нямбаатар ч энэ “зовлон”-г одоо үүрч явна.

Олны анхааралд орсон хэргийн хариултыг, хууль журамтай холбоотой андуурч эндүүрснээс эхлээд өөрийгөө өмөөрч өрөөлд буруугаа нялзаасан өвөр зуурын маргааныг гэхчилэн үнэн худал, шударга бусармагийг дэнслэх цагт бүгд л ХЗДХ-ийн сайдаас хариу нэхэж, ганцаараа санаачилж баталсан хуулиа хатуу гараар хэрэгжүүлж байгаа мэт хандах нь ч бий. Хууль гэдэг ярвигтай, шударга ёс гэдэг ч харьцангуй ойлголт билээ. 

УИХ-ын гишүүн байхдаа Х.Нямбаатар Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааг ярилцахгүй байгааг шүүмжилж, хөөн хэлэлцэх хугацааг наашлуулснаас болоод цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдсэн хэмээн шүүмжилж тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой ам зөрсөн тохиолдол ч бий. 

Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй дагалдуулж, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолохгүй байх, Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүх, прокурорт эргэж дуудах хууль оруулж ирсэн.  Энэ хуулийн хүрээнд олон хүн авлига, хээл хахуулийн хэргээр дуудагдаад явж байгаа нь салбараа мэддэг хүний л хийх зүйл байв. 

Иргэдийн өдөр тутмын амьдралд анзаарагдахгүй өнгөрч байж болох ч улсын ирээдүй, төрийн үйл хэрэгт сүүдэр тусгаж, завхруулж буй шүүхийн шударга бус байдал, цагаан захтнуудын авлигын сүлжээ гэхчилэн хор хохирол нь урт хугандаа хөнөөлтэй байх тийм л зүйлийг Х.Нямбаатар сайд гярхай олж харж, зоримог шинэчлэл хийхдээ шүүмжлэлээс айх бус үр дүнд л анхаарч байдгийг хуулийн ертөнцийнхөн л магадгүй илүү ойлгодог биз. 

Тойрогтоо халамжтай гишүүн

Чанга дуугарч, нийгмийн сүлжээнд дураар загнагчдын үгээр шийдэх бус ёсыг барьж, зөвийг сахиулах үүрэгтээ эзэн болж буй Х.Нямбаатар сайд харин тойрогтоо халамжтай гишүүн.

Сонгинохайрхан гэх том дүүргийн хүүхдүүдийн өнөөдрөөс сайхан маргааштай золгуулахаар олон ажил хийдэг. Сургууль цэцэрлэг шинээр барих жишиг ажлуудаас эхлээд хогийн цэгийг устган байгаль орчны нөхөн сэргээлт хийн, цэвэр агаартай болгосон гэхчилэн тойрогтоо хийсэн ажлынх нь жагсаалт уртаас урт үргэжилдэг. 

Х.Нямбаатар сайд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурван цэцэрлэгийг улс, нийслэл, орон нутгийн төсвөөс мөнгө авалгүйгээр өөрийнхөө тойрогт шинээр байгуулсны нэг нь Улаанчулуутын хогийн цэг дэх “Нарны хүүхдүүд” цэцэрлэг.

Улс орны ирээдүй зөвхөн төвийн дүүрэгт, малчны хотхонд л байдаг биш, монгол улсад мэндэлсэн хүүхэд бүр монголын ирээдүй гэдгийг тэр онцолдог.

“Хүүхдийн инээмсэглэл” шүдний эмнэлгийн төсөл нь ч мөн л тойргийнх нь бяцхан иргэдэд зориулагдсан.  Сонгинохайрхан дүүргийн 10 мянган хүүхдийн шүдийг эрүүл саруул болгож, тэр хэрээр эрүүл мэнд, ирээдүйд нь хөрөнгө оруулалт болж байдаг онцлогтой. 

“Юм бүхний эцсийн шалгуур бол цаг хугацаа гэдэг. Хүмүүнлэгийн ажил гэдэг бол хүүхдийн баяраар хогийн цэг дээр хүүхдүүд цуглуулж бэлэг өгөхийн нэр биш. Хүмүүнлэгийн ажил гэдэг бол эцсийн дүндээ тэр хүүхдүүдийн эрүүл мэндэд нь, боловсролд нь юу өгсөн бэ. Тэр хүүхдүүдэд ямар хүн болох эхлэлийг ньтавьж өгсөн бэ гэдгээр л тодорхойлогддог. Түүнээс биш 5000 төгрөгийн үнэтэй бэлэг 10-ыг авч очоод лайв хийхийг хүмүүнлэгийн ажил гэхгүй” гэсэн үгнээс нь түүний алсын зорилгыг нь ойлгож болно. 

Хууль эрхзүйн хүрээн дэх давхардал, гажуудлыг тэр мэргэжлийн нүдээр харж алдааг нь хурцаар шүүмжилдэг. Нийгмийн шаардлагаар шинэ тутам үүсч буй асуудлыг зохицуулахаар олон хуулийг санаачилж, батлуулж, олон ч хуулийн ажлын хэсэгт орж, батлалцаж яваа Х.Нямбаатарыг сайдын өнцгөөс нь  хөндлөнгөөс харахад хатуу, хэтийдсэн шударга гэж тодорхойлж болно. Харин тойрогтоо хийж буй ажлаар нь үнэлэвэл алсын хараатай, ирээдүйнхээ төлөө хийх зүйлээ энгийн хэрнээ үр өгөөжтэй, үнэ цэнтэй байхаар сонгодог гэдгийг нь таньж чадна. 

ШИНЭ МЭДЭЭ