Эмч эмнэлгийн ажилтнуудад захидал бичиж, урам хайрлацгаая
Ковид -19 цар тахлын эсрэг тэмцлийн хүнд ачааг эмч, эмнэлгийн ажилтнууд нуруун дээрээ үүрч байна. Гэвч нийгэмд тэдэнд талархахаас илүүтэйгээр буруутгасан, шүүмжилсэн, дарамталсан, биед нь халдсан, гадуурхсан хандлага гарч байна. Энэ нь эрүүл мэндийн ажилтны эрх зөрчигдөх, стресс, дарамтад өртөх болон хүнд хэцүү ажлын нөхцөлөөс болж ажлаас халшрах, ажлын байраа орхиход хүргэж байна. Иймд тэдэнд урам зориг, сэтгэлийн дэм өгч, эв санааны нэгдлээ илэрхийлэх аяныг Монголын Эмнести Интернэшнлээс Хүний эрхэд ээлтэй сургууль хөтөлбөрийн багш, сурагчдын дунд өрнүүлж байна.
Аянд оролцогчид цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад талархлын захидал бичнэ. Захидалд Ковид -19 цар тахлын тархалтыг багасгахын тулд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалж байж бид бүгд хамгаалагдана мөн өөрийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж байгаа, цаашид үргэлжлүүлэн сахина гэдгээ бичнэ.
Захидлыг Монголын Эмнести Интернэшнлд шуудангаар хүргүүлэх бөгөөд бид захидлаар видео контент бэлтгэн нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтийг уриалах юм. Захидалыг 2021.09.29-10.29-ны өдөр хүртэл хүлээн авна. Анги хамт олон, сургуулийнхныгаа уриалж хамтдаа захидал бичээрэй.