Х.Нямбаяр: "Рио Тинто"-гийн буултаас илүү чанга шаардлага тавина
2021.10.27
Уул уурхай, Ашигт малтмал

Х.Нямбаяр: "Рио Тинто"-гийн буултаас илүү чанга шаардлага тавина

Оюутолгойн хэлэлцээтэй холбоотойгоор "Рио Тинто" компаниас Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлжээ.

Захидал дөрвөн санал дурдсан байна. Нэгдүгээрт, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр үүсгэхгүй нөхцөл байдлыг бий болгох үүднээс одоогийн Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн хувь эзэмшилтэд төлвөл зохих 2.3 тэрбум төгрөгийн ам. долларын 70 хувийг тэглэх санал. Өөрөөр хэлбэл, 1600 сая ам. долларын өрийг чөлөөлнө гэсэн үг. Ингэснээр Оюутолгойн ашиг, ААН-ийн орлогын албан татвар нь наашлах юм. Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсноос шалтгаалж, Монгол Улсын Засгийн газарт төлвөл зохих татвар, бусад суутган авах татварын орлого хойшилсонд харамсаж буйгаа илэрхийлээд 350 сая ам. доллар буюу нэг их наяд төгрөгийг гурван жилийн хугацаанд олгох санал тавьсан байна.

Энэ нь ямар нэгэн татвар, бусад шимтгэл суутгалд огт хамаарахгүй. Гуравдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсонд харамсаж буйгаа илэрхийлээд, далд уурхайн бүтээн байгуулалтын карталл зардал нь 5.4 ам. доллараас хэтэрсэн дүнд менежментийн төлбөр авахгүй байх аж. Мөн зардлын хэтрэлттэй холбоотойгоор баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг 2028 он хүртэл авахгүй байх саналыг тавьсан бол дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулах талаар дурджээ. Засаглалаа сайжруулснаар илүү үр дүнтэй, менежменттэй ажиллах, Оюутолгойн ашиг наашлах боломжууд бүрдэнэ гэжээ. Үүнтэй холбоотойгоор Оюутолгойн хэлэлцээрийн Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Тэрбээр “Бид тус дөрвөн саналаас илүү өргөн хүрээнд санал тавьсан учраас уг саналыг ажлын хэсэг, Ерөнхий сайдад танилцуулна. "Рио Тинто"-гийн ирүүлснээс илүү саналуудыг хэлэлцээрийн явцад тавьсан. Бид өмнө нь тавьсан саналаа ахиад тавина гэдэг байр суурьтай байгаа.  Хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж буй. Гэхдээ бидний хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн чухал нь, бидний хүсч буй зүйл хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг хэлэлцэгч талд удаа дараалан тавьсан. Гэвч хэлэлцээр хийж буй талаас хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдрийг хүртэл хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, ямар нэгэн зүйлийг одоогоор гаргаагүй. Оюутолгойн чиглэлээр судалж ажилладаг эдийн засагчид над руу маш их хандаж байна. Яагаад биднийг авч ажиллахгүй байгаа вэ гэх асуудлыг хэлдэг. Гэхдээ нөгөө тал Хөрөнгө оруулалтын гэрээг нэг ч хөндөөгүй тохиолдолд бид мянган зөвлөх авчраад хэлэлцээр урагшлахгүй.

Тиймээс улс төрийн болон бүх арга хэрэгслүүдийг ашиглаж хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Оюутолгойн хэлэлцээрт дотооддоо нэгдмэл байр суурьтай, хөрөнгө оруулалтын гэрээний үр өгөөжийг наашлуулах, олон түмэнд хүртээмжтэй болгох чиглэлээр нэгдмээр байгаа юм. Хэлэлцээрийн эгзэгтэй үед Засгийн газраасаа дөрвөн тэрбум төгрөг өг, тоглолт хийнэ, Засгийн газар огцор гэж байгаа нь эх оронч асуудал биш. Энэ бол хоёр талаасаа эрчтэй явагдаж байгаа хэлэлцээрийг эрчийг бууруулах гэсэн алхам гэж харж байна.

Арбитрын маргаан шийдвэрлэх хянан шалгах ажиллагаа  2023 оны сүүлч хүртэл үргэлжилнэ. Энэ бол яаран дүгнэж, хэлэх зүйл биш. Гэхдээ бид хуулийн ферм, зөвлөхүүдтэйгээ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Нэмэлт нотлох баримтуудыг гаргаж өгөх тал дээр тодорхой ажлуудыг хийж байгаа” гэлээ. Х.Нямбаатар сайд "Рио Тинто" яагаад буулт хийв гэсэн асуултад “Рио Тинтогийн зүгээс зардлынхаа хэтрэлтийг Засгийн газраар зөвшөөрүүлж, дараагийнхаа мөнгийг босгож, далд уурхайгаа яаралтай дуусгах саналыг л тавьж байгаа. Дубайн гэрээг цуцлах гэж байгаа. Дубайн гэрээний ихэнх нь нэмэлт зардлын төлөвлөгөө байсан.

Гэтэл батлагдаад, хэрэгжээд, дахиад зардал хэтэрчихээд байна. Үүнээс гадна хэд, хэдэн суутгал, шимтгэлтэй холбоотой давуу байдал үүсгэснийг энэ гэрээгээр цуцална.  Дараагийн шатанд, арбитрт маргаан үүсгэх, хөндлөнгийн аудит томилох, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн дараагийн зарга маргаан үүсгэх төлөвлөгөөнүүд байгаа” гэж хариуллаа. Арваннэгдүгээр сарын 7, 8-нд “Рио Тинто” групп, Оюутолгойтой Засгийн газар эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажил хангаад байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ