Төрийн өмчийн түүхэн хөгжил – 25 жил
2021.11.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Төрийн өмчийн түүхэн хөгжил – 25 жил

Монгол Улс улс төр, нийгэм хийгээд эдийн засгийн хөгжилд түлхэц болж хөгжиж буй орон хэмээн тооцогдох түүхэн алхам нь хувийн болоод төрийн өмчийг ялган хуульчилж, өмч хувьчлал явагдсан тэр цагаас эхтэй. 

Монгол улсын нийт хүн амын 98 хувь нь хөдөө аж ахуйн нэгдлийн мал хөрөнгө, худалдаа үйлчилгээний болон бусад салбарын жижиг газруудын хувьчлалд оролцох, томоохон үйлдвэр аж ахуйн газруудын хувьцаа авах эрх бүхий ягаан, цэнхэр тасалбартай болж, нийт мал сүргийн 78 хувь иргэдийн өмч болж, үйлдвэр аж ахуй газрууд хувьчлагдсан тэр түүхэн үед ДНБ-ийг бүрдүүлэхэд  хувийн хэвшлийн оролцоо 60 хувьд хүрч байсан зэрэг нь бүгд их, бага хувьчлалын нөлөө байлаа. Бүх иргэндээ гарааны ижил тэнцүү боломж олгосон ухаалаг, шударга үйл явцын зэрэгцээ Монголын төр өөрийн гэсэн өмчөө ч тоолж бүртгэн, улс орноо хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой өмчөө таньж авчээ. 

Нийгэм, эдийн засгийн шаардлагаар үүссэн өмч хувьчлалын дүнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдан, өмчийн эрх зүйн орчин ч бүрдэж эхлэв. Холбогдох хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 1996 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 177 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороог байгуулав. Төрийн өмчийн хороо Монгол Улсын хувьд нэн чухал ач холбогдолтой ажил хийсэн нь Монгол Улсад төрийн өмчийн байгууллага, төрийн өмчийн хэчнээн хөрөнгө буйг тоолон, бүртгэсэн явдал байлаа. Төр өмчөө анх удаа тоолоод зогсохгүй Монгол Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор Төрийн өмчөөс Аймаг, Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг баталж, орон нутагт хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэсэн юм. 

Төрийн өмчийн хороо өнөөг хүртэлх амжилт бүтээлээр дүүрэн 25 жилийн хугацаандаа төрийн сайн менежерийн үүрэгт хүчин зүтгэж, алдаа оноогоо дэнслүүлэн, ач холбогдлоо таниулсан олон ажлыг хийж гүйцэтгэж, татан буугдаж, сэргээн байгуулагдан, шүүмжлэл магтаалыг ч зэрэг хүртэж иржээ. 

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нийт 106 аж ахуйн нэгж харъяалагддаг.

Дараах 6 салбарт хуваагддаг 

               Зам тээврийн салбарын - 27

               Геологи, уул уурхайн салбарын - 25

               Банк,  санхүүгийн салбарын - 6

               Харилцаа, холбооны салбарын - 4

              Эрчим хүчний салбарын - 30

               Барилга, соёл, спорт, аялал жуулчлалын  салбарын - 14

 Нийт ажиллагсдын тоо 54415 

ТӨБЗГ-т харьяалагддаг байгууллагуудыг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн өмчит хуулийн этгээдэд компанийн засаглалыг хөгжүүлэх, төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих замаар үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, төрийн өмчит компаниудын ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангахыг зорилго болгон ажиллаж байна. Эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэхээс эхлээд хуулийн өмнө төрийн нэрийн өмнөөс өмчийн эзнээр зогсох гэхчлэн Төрийн бодлого зохицуулалтын газрын хийх ажлын чиг үүрэг олон. 

Эрх зүйн орчноо сайжруулах нь ирээдүйн их ажлын эхлэл болох нь 

Төрийн өмчийн хороо буюу өнөөдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны хүрээг тодорхойлогч гол хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 29 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 219 зүйл, хэсэг, заалт өөрчлөгджээ. Гэвч эдгээр нэмэлт, өөрчлөлтийн 80 хувь нь буюу 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт нь салбарын бусад хуулиудын шинэчлэл, тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлт байдаг.

Тухайн цаг үеийн нийгмийн харилцааг зохицуулах үүргээ зохих хэмжээгээр гүйцэтгэсэн боловч нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжил, Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хуулийн түвшинд хийгдсэн өмчийн эрх зүйн шинэтгэлээс хоцорч, төрийн ба орон нутгийн өмчийн эрх зүйн зохицуулалтын үндсэн чиг үүргээ хангалттай биелүүлж чадахгүй болоод байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд буй.

Тиймээс ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн өмчит компанийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж төрийн үйлчилгээг давхардал чирэгдэлгүй явуулах, үргүй зардлыг цэгцлэх, төрийн өмчийн менежментийг хэн, хэрхэн удирдах зэрэг саналыг олон улсын сайн жишээ, туршлагыг судалсны үндсэн дээр хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлсэн. 

2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг нийцүүлэх шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулаад байгаа нь нийгмийн захиалга болсон ажил юм. 

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн нийтлэг харилцааг хамтад нь зохицуулахаар оруулсан нь орон нутгийн өмчийн харилцаанд тулгамдаж байсан ойлгомжгүй байдлыг арилгахад ач холбогдолтой юм. 

Төрийн өмчийн хөрөнгийг хувьчлах зохицуулалтыг оновчтой болгож, дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалт, хувьцаа худалдах, менежментийн үр дүнг харгалзан хувьчлах, мөн давуу эрхийн хувьцаа, алтан хувьцаа гаргах зэрэг аргыг дангаар буюу хослуулан хэрэглэх үндэслэл, журмыг нарийвчлан тогтоох саналыг мөн хуулийн төсөлд тусгаад зогсохгүй хувьчлалын дараах хяналтыг хэрэгжүүлдэг байх зохицуулалтыг орууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хяналт шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлж, төрийн хяналт шалгалтыг хариуцан гүйцэтгэх этгээдийн бүрэн эрх, хариуцлага тооцох, хохирлыг арилгуулах арга ажиллагааг зохицуулна гэж үзсэний үндсэн дээр шинэчилсэн найруулгын төсөлд цоо шинэ зүйл болгон орууллаа. 

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд, хувийн эрх зүйн хуулийн этгээд гэж ангилж, тэдгээрийг хөрөнгийн эрхийн байдлаар нь дахин ангилж, одоо байгаа аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрыг бизнесийн зарчмаар компанийн хэлбэрт оруулж, улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн байгууллага, албан газрын ангилалд хамааруулах нь зүйтэй гэж үзэн “Төрийн байгууллага”, “албан газар”, “нийтийн байгууллага” гэх ойлголтыг нэр томьёогоор тайлбарлаж, хөрөнгө удирдах эрхийг нь ялгамжтай тогтоож өгснөөрөө төрийн өмчит компаниудын засаглалыг хөгжүүлэхэд үр дүнгээ үзүүлнэ гэж найдаж байна. 

Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг “Төрийн өмчийн хороо” мөн гэж шууд нэрлэн зааж, хамтын удирдлагын зарчмаар үйл ажиллагаагаа явуулахаар, өмчийн талаарх эрх хэмжээг нь шинэчлэн тодорхойлон оруулсан хэдий ч Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн орон нутаг дахь төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын уялдаа холбоог хангаж, дэмжлэг үзүүлдэг байхаар эрх хэмжээг нь тодорхойлж өгснөөрөө талуудын уялдаа холбоотой ажиллах боломжийг шинэ түвшинд хүргэх алхмыг эхлүүлсэн гэж дүгнэж байна. 

Төрийн өмчит байгууллагуудыг шүүмжлэлд өртүүлдэг гол асуудал болох алдагдалтай ажилладаг асуудлыг арилгахад ч эрх зүйн орчны шинэчлэлт нэн шаардлагатай байна. 

ТӨК-уудын явуулж байгаа талбар нь зохицуулалттай зах зээл буюу Засгийн газрын оролцоотойгоор үнийн бодлогыг тогтоодог учраас өнөөдөр зохицуулалтаас үүдсэн өр төлбөрүүд их гардаг. Эрчим хүчний компаниудын жишээн дээр авч үзэхэд хэрэглэгчээс авах төлбөрийг хэзээ ч зах зээлийн бодит дүнгээр тооцож тогтоох боломжгүй учир алдагдалтай ажиллах нөхцөл үүсгэдэг. Үүгээр ч зогсохгүй Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг ТӨК-уудад шууд эзэмших ашиглагчаар тогтоогоод өгдөг нь тухайн хөрөнгө оруулалт өр төлбөр болж бичигдэх шалтгаан болдог. 

ТӨК-уудыг даган бий болсон байгууламжуудын элэгдлийн зардал, төрөл бүрийн татварууд гэхчлэн нэмэлт ачааллууд бий болж, тодорхой хэмжээнд өр төлбөрийн асуудал үүсдэг. Гадаадын зээл тусламж, янз бүрийн хөрөнгө оруулалтууд улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг нь тухайн компанид өр үүсэх бас нэг шалтгаан болж дээрх бүх шалтгаанаас үүдсэн өр төлбөрүүд нийлж их наядаар хэмжигдэхүйц өр төлбөр болон харагддаг нь эрх зүйн орчин дутмаг байдалтай холбоотой. 

Иймээс ТӨК-уудыг нийтэд нь зах зээлийн зарчимд нийцүүлэх, тухайн салбарыг нь үе шаттай либералчлах бодлогыг тууштай хэрэгжүүлж, эрх зүйн зөв тогтолцоог бүрдүүлсний дараа хувьчлах асуудлуудыг эмх цэгцтэйгээр, үе шаттайгаар явуулах нь төрийн өмчийн менежментийн нэг чухал хэсэг болж, үр дүн нь улсын төсөвт ашиг болон орж ирэх учиртай. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас УИХ-ын 2021 оны Намрын чуулганд өргөн барьсан хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгын төслүүдэд тусгагдсан зүйл заалт бүхэн төрийн өмчийг бүхэлд нь ашигтай ажиллахад нэн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх гарц болон өмнөх жилүүдийн алдаа дутагдал, судалгаа шинжилгээн дээр үндэслэгдсэн гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. 

Иргэд нь аз жаргалтай, төр нь түвшин, төрийн өмч нь ашиг орлоготой ажилладаг хөгжингүй Монгол Улсын төлөө хүчин зүтгэх нь бидний үүрэг билээ.