https 235
Түүх, соёлын дурсгалт өв болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид эргүүлэн авлаа
2021.11.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Түүх, соёлын дурсгалт өв болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид эргүүлэн авлаа

Монгол Улсын анхны Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 онд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталсанаар өнөөгийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах байшинд 60 номертой 24 хэрэглэгчтэй телефон станцыг байгуулж байжээ.

Тус барилга нь 1913 онд баригдаж, 1914 онд баруун талын залгааг барьж дуусган анхны телефон станц байрласнаар олноо Төмөр утасны хороо буюу Холбооны анхны барилга хэмээн нэрлэгдэж, 1921 оны 7 дугаар сараас эхлэн 1998 он хүртэл Холбооны музей байрлан ажиллаж байсан түүхт газар юм.

2004 онд уг барилгын өмчлөх эрх хууль бусаар “Ванхүү” ХХК-д шилжсэн байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар судалж тогтоон, улсын бүртгэлийг хүчингүй болгох арга хэмжээ авч, улмаар Анхны холбооны байшингийн анхны гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай болсноор 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

“Ванхүү” ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан боловч 3 шатны шүүхээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэв.

Ийнхүү түүх соёлын дурсгалт өв болох анхны холбооны барилга төрийн өмчид эргэн ирлээ.