Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа
2021.11.15
Гадаад харилцаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд АНУ-ын Засгийн газар КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины 1,088,100 тун хандивласанд талархал илэрхийллээ. АНУ-д 5-11 насны хүүхдийг ковидын эсрэг вакцинд хамруулах талаар АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв зөвшөөрөл өгсөн. Манай улс хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар зөвлөмж хүссэн захидлыг БиоНТек/Пфайзер компани руу хүргүүлсэн гэж Ерөнхий сайд хэллээ. Элчин сайд Майкл Клечески хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар судалж, Ерөнхий сайдад мэдээлэл өгөхөө илэрхийллээ.

Засгийн газар цахим засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг тэмцэхэд онцгой анхаарч ажиллаж буй. Ерөнхий сайд Авлигын эсрэг үндэсний хороог ахалж ажиллаж байна. Авилгатай тэмцэх Ажлын хэсэг байгуулсан, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж үр дүнд хүрэхийг зорьж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд АНУ-тай ардчиллыг бэхжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мөн ярилцлаа. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, тээвэр логистик, эрчим хүч, бүтээмж, санхүүжилтийн эх үүсвэр зэрэг хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг Засгийн газар анхаарч байгааг онцлоод Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зорилтуудын хүрээнд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

ШИНЭ МЭДЭЭ