ХЗДХ-ийн сайдын нэрэмжит уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа
2021.11.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ХЗДХ-ийн сайдын нэрэмжит уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн салбар үүсэж хөгжсөний түүхт 110 жил, Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийн босгон дээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит анхдугаар уралдаанд шалгарсан бүтээлд шагнал, грант гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2021.11.25) боллоо.

“Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг өндрөөр үнэлж, урамшуулах, тэдний эрдэм шинжилгээний ажлын судалгаа, инновацыг эх орны хөгжлийн гарц болгох түүхэн ажлыг эхлүүлж, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/133 дугаар тушаалаар “Хууль зүй дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээл, шилдэг илтгэл шалгаруулах, грант олгох журам”-ыг баталсан юм.

Уралдаанд нийт 20 гаруй их, дээд сургууль, шинжлэх ухааны болон практикийн байгууллагын эрдэмтэн судлаачийн 65 оюуны бүтээл, 17 төсөл, 20 гаруй оюутны илтгэлийг хүлээн авч 2 үе шаттайгаар шалгаруулалтыг зохион байгуулж, шилдгийн шилдгээр шалгарсан бүтээлд шагнал гардууллаа.

Анхдугаар уралдаан шилдэг бүтээлийн төрөлд Тэргүүн байранд МУИС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор Б.Буянхишигийн “Монгол Улсын хувийн эрх зүйн үндсэн кодификац, харьцуулалт” нэг сэдэвт бүтээл, шилдэг илтгэлийн төрөлд Тэргүүн байранд МУИС-ийн ХЗС-ийн 5-р түвшний оюутан Б.Маргад-Эрдэнийн “Криптовалютын эрх зүйн зохицуулалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэл шалгарсан юм.

“Грант олгох төсөл”-ийн Суурь судалгааны төсөл ангиллын тэргүүн байранд ЦЕГ-ын Даргын даалгавар гүйцэтгэгч, цагдаагийн ахмад Ш.Алтансоёмбын “Гэмт хэрэгтний бие хүний тухай онолын суурь судалгааны төсөл”, Хавсарга судалгааны төсөл ангиллын тэргүүн байранд ДХИС-ийн Шинжлэн магадлахуй судлалын профессорын багийн гишүүн, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Т.Очирбатын “Нийслэлийн дүүрэг, хороодын аюулгүй орчны түвшинг тогтоох аргачлал боловсруулж, турших төсөл”, Инновацын төсөл ангиллын тэргүүн байранд: ШШҮХ-ийн НШШГ-ын ЧДКШТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Баттулга “Криминалистикийн шинжээчийн үзлэг, шинжилгээний “FEB-2” загварын ширээ зохион бүтээх төсөл” тус тус шалгарлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит энэхүү уралдааныг зохион байгуулснаар аюулгүй байдал, дотоод хэргийн салбарын эрдэм судлалын үйл ажиллагааг эрчимжүүлж, залуу судлаачдыг тодруулан гаргах, дэмжих, шинжлэх ухааны онолын бүтээл туурвих боломж, нөхцөлийг бүрдүүлэх, бүтээл туурвилаа хэвлүүлэх, олны хүртээл болгох боломжийг судлаач эрдэмтдэд олгож байгаагаараа онцгой ач холбогдолтой.

Тус үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон Захирлын зөвлөлийн гишүүд эрдэмтэн, судлаачид оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ