Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэр цаг алдалгүй ашиглалтад оруулж, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болно
2021.12.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэр цаг алдалгүй ашиглалтад оруулж, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэх МАН-ын Их хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” тавьлаа.

Илтгэлээс

ГуравАж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай

Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь Аж үйлдвэржилт билээ. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай намын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм. 

Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал билээ. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.

Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна. Ган болон зэс боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм.

Эрдэнэтийн зэс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэр барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна. 

Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь бидний эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ. 

Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо хамтдаа шинээр тодорхойлцгооё. 

Үйлдвэржсэн Монголын үйлс бүтэх болтугай. 

ШИНЭ МЭДЭЭ