НББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч нь буцаан татав
2021.12.14
Эрүүл мэнд

НББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч нь буцаан татав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.14) хуралдаан 15.00 цагт ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Эхлээд Засгийн газраас 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Хуулийн төсөлд тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах, тухайн жилд импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээг тогтоох эрхийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгох зохицуулалтыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсэхгүй бөгөөд нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй. Хуулийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлж, тамхины импорт эрхлэх үйл ажиллагаанд гарч байгаа сөрөг үр дагавар багасна гэж төсөл санаачлагч үзсэн байна. Тухайлбал, импортлох бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээнээс хамааруулан ил тод сонгон шалгаруулалт явуулах харилцааг зохицуулах журам батлах замаар тамхины импортын хэмжээг бууруулах, тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан боловч сунгуулах хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, ингэснээр тамхи импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тоог бууруулах зэрэг эерэг үр дүн гарна гэж үзжээ.

Танилцуулга болон хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн хэсгээс хариулт авах явцдаа хуулийн төслийг бусад холбогдох хуулиудын зохицуулалттай уялдуулж оруулж ирэх санал гаргаснаар төсөл санаачлагч нь хуулийн төслийг дахин оруулж ирэхээр буцаан татаж буйгаа илэрхийлэв.

Дараа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонслоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар гишүүдэд мэдээлэл хийв. Мэдээлэлдээ өмнөх жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллаж байсан бол цаашид тогтолцоогоо бэхжүүлэхийн зэрэгцээ хохирогчид үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүчирхийллээс урьдчилан сэргийлж, ялангуяа хүчирхийлэл үйлдэгчийн зан үйл, хандлагыг өөрчлөх сургалт, нөлөөллийн ажлууд зохион байгуулахад анхаарч ажиллахыг тэмдэглэв. Сайдын мэдээлэлтэй холбогдуулж хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, хүүхэд хамгаалах хамтарсан багийн төсөв зарцуулалт ойлгомжгүй, төсөв хүрдэггүй асуудлыг хөндөж цаашид төсвийг тодорхой болгох, нэмэгдүүлэх, багийн гишүүдийн ажил үүргийг улам тодорхой болгох, үр дүнд анхаарах талаар асууж, хариулт авсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан нь болж буй архидалттай тэмцэх бодлого, халамж дагасан ажилгүйдлийг бууруулах, соёл гэгээрлийн ажлыг чанаржуулах шаардлагатай талаар саналаа хэллээ.

Гишүүд асуулт асууж, хариулт аван, байр сууриа илэрхийлснээр хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгөхөөр болсныг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэмдэглэснээр хуралдаан өндөрлөв

ШИНЭ МЭДЭЭ