Х.Нямбаатар: Хувь хүний орон зайд камер байршуулахыг хориглоно
2021.12.17
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Х.Нямбаатар: Хувь хүний орон зайд камер байршуулахыг хориглоно

Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, нийтийн мэдээллийн тухай хуулиудыг УИХ эцэслэн баталж, ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэхээр боллоо. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийсэн юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай байгаа хуулийг УИХ-аас эцэслэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хувь хүний мэдээллийг хамгаалах, Цахим гарын үсгийн, Кибер аюулгүй байдал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг тус тус эцэслэн баталсан. Ингэснээр цахим үндэстэн болох хууль эрх зүйн орчин бүрдлээ. Эдгээр хууль ирэх оны тавдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан бүх л мэдээлэл нээлттэй мэдээллийг жагсаалтад багтаж байгаа.

Бидний хамгийн их хүсдэг зүйл барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл байдаг. Энэ төрлийн мэдээлэл ч нээлттэй мэдээллийн жагсаалд багтаж орсон. Түүнчлэн улс төрийн намын санхүүжилт, дүрэм, гишүүнчлэл зэрэг мөн багтахаар болсон. Зарим аж ахуйн нэгжийн үнийн бүрдлийн мэдээлэл ч нээлттэй болно. Төрийн сангийн зардлаар гаднын их, дээд сургуульд суралцаж буй хүүхдүүдийн мэдээлэл багтсан. Таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэл болгож байгаа. Цаашид нээлттэй мэдээллийн цар хүрээ цаашдаа илүү өргөжнө.

Хоёрдугаарт, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн гол агуулга бол цахим орчинд гарч буй хүний эрхийн гол зөрчлүүдийг хэрхэн хамгаалах тухай тусгасан. Түүнчлэн дуу, дүрс, бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулж, болох болохгүйг заагласан. Тухайлбал, хувь хүний орон зайд камер байршуулахыг хориглоно гэсэн үг. Мөн төрөөс 16-гаас дээш насныханд тоон гарын үсэг үнэ төлбөргүй олгоно” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ