Х.Нямбаатар: Өр тэглэх, Дубайн гэрээг цуцлах, эрчим хүчээр хангах асуудал энэ ондоо багтаад шийдэгдэнэ
2021.12.23
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Х.Нямбаатар: Өр тэглэх, Дубайн гэрээг цуцлах, эрчим хүчээр хангах асуудал энэ ондоо багтаад шийдэгдэнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 

Х.Нямбаатар:  

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнөөдөр түр хороо хуралдах товтой байна. Хэрэв түр хорооны дүгнэлт гарчихвал маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Тогтоолын төсөлд,  

2019 оны УИХ-ын Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийн хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор  хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг үндэслэн дараах арга хэмжээг авч, хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Засгийн Газар зөвшөөрч байна. 

1- ртОюутолгой төслийн Монголын Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь тэглэх

2- рт, Далд уурхай бүтээн байгуулах санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох

3-рт, Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулах төслийн санхүүжилтийн өмнө нь зарцуулсан дүнд Монгол Улсын Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, 

4-рт, Гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах, Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх,  

5-рт, Оюутолгой компанийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгмийн асуудлаар хамтран ажиллах

6-рт, Татварын актын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдүүлэхийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх гэж заасан. 

- Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа давтахгүй байх чухал. Яагаад зардал хэтэрч, хугацаа хойшлов. "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д өндөр зэрэглэлийн боловсон хүчнүүдийг ажиллуулах, нөгөө талаас Оюутолгой ХХК-аас бүх мэдээллээ нээлттэй явуулдаг зарчим руу орох ёстой.  

- УИХ Засгийн газарт эрх олгонгуут дээрх чиглэлүүдийн дагуу бодлогын бичиг баримтуудыг хийгдэнэ. Дараа нь татварын маргаантай асуудлаар Арбитрын шүүхэд хэрэг үүсгэсэн байгаа. 6 сарын хугацаанд энэ асуудлаар эвийн журмаар хэлэлцээр хийж шийдэх, 2019,2020,2021 оны татварын тайлантай холбоотой асуудлаар нэг мөр ойлголцолд хүрэх хэлэлцээрийн 2 дугаар шат үргэлжлээд явна. Өр тэглэх, Дубайн гэрээг цуцлах, эрчим хүчээр хангах асуудал энэ ондоо багтаад шийдэгдэхээр төлөвлөсөн. 

ШИНЭ МЭДЭЭ