Х.Ганхуяг: Зохих журмын дагуу зээл авч үйл ажиллагаагаа явуулсны төлөө бүгдийг "Хулгайч" нэрээр цоллох нь байж боломгүй асуудал
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-БИД БИЗНЕС ЭРХэЛЖ БАЙХ ҮЕДЭЭ БИЗНЕСИЙНХЭЭ ЗЭЭЛИЙГ ХУУЛЬ, ДҮРМИЙН ДАГУУ АВСАН-
-УИХ-ын чуулган завсарлачихсан энэ өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь хуулийн төслөө хөгжүүлэх ажлуудыг хийцгээж байх шиг байна. Таны хувьд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?
-Тийм ээ. Ээлжит чуулган бүрийн завсарлагааны хугацаанд итгэл хүлээлгэн сонгогдсон гишүүд нь иргэдтэйгээ ойр ажиллаж, тэднийхээ санаа бодол, хүсэлтийг сонсож, ярилцах чухал үе байдаг. Нэг ёсондоо иргэдтэйгээ илүү ойр байж, тойрогтоо ажиллах боломж гардаг. Миний хувьд ч ялгаагүй, ажлын өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж, төлөөлөгчийнхөө байранд ажиллаж байна. УИХ-ын гишүүн гэдэг бол хууль боловсруулж, түүнийг батлах үйл хэрэгт оролцохоос гадна сонгогдсон тойрогтоо ажиллаж, төрийн үйлчилгээ, хуулийн хэрэгжилт ямар байгаад хяналт тавьж, таниулах, мөн иргэдийнхээ аж амьдрал, амьдрах орчныг эрүүл аюулгүй болгох тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй.
Өнгөрөгч чуулганы хугацаанд би Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль зэрэг бизнесийн орчныг сайжруулах чиглэлд хэд хэдэн хуулийн төслийг санаачлан, ажлын хэсгийг ахлан ажиллаж, тэр дундаа Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Хуулийн концепци нь зах зээлд шударга өрсөлдөөн, бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэж байгаа. Энэ өөрөө процессын хууль. Тиймээс үйл ажиллагааны зөвшөөрөл авахын тулд хэрхэх вэ гэдгийг маш тодорхой зааж өгнө.
Иргэн, аж ахуйн нэгж өргөдөл гаргачихна. Өргөдөл гаргаснаас хойш хэдий хугацаанд шийдвэр гаргах, шийдвэр гаргаагүй бол яах вэ гэдгийг хуульд заана. Энэ нь нийтлэг зарчим болж тусаад бүх салбар дагаж мөрдөнө гэсэн үг. Өргөдөл гаргах, өргөдөл хүлээн авах, татгалзах, түдгэлзэх, цуцлах гэсэн бүх зарчмуудыг хугацаатай нь тодорхой оруулна. Мөн зөвшөөрөлтэй холбогдуулаад аль нэг төрийн байгууллагаас тодорхойлолт авчир гэдэг асуудал байхгүй болно. Мэдээллийн сангаасаа хараад шаардлагатай мэдээллээ хардаг болно. Тухайлбал, татвар, нийгмийн даатгалын өргүй гэсэн тодорхойлолтыг нэхэхгүй.
Ажлын 45 хоногт ямар ч төрлийн зөвшөөрлийг олгодог болно. Нэг үгээр хугацаа, хэнээс ямар зөвшөөрөл олгох нь маш тодорхой болно. Хатуу хугацаа байгаа болохоор иргэн, аж ахуйн нэгж ажлаа төлөвлөх боломжтой болно гэсэн үг. Цахимаар хүсэлтээ өгөөд ажлын тав хоногийн дотор материал хүлээж авсан байгууллага дутуу бичиг баримтыг нь хэлж өгнө. Үүнийгээ бүрдүүлээд өгчихөөр хугацаагаа хүлээгээд л байж байна гэсэн үг. Хариугаа ч цахимаар авах боломжтой болно.
Манай улс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд баталж байсан. Тухайн үед 210 орчим тусгай зөвшөөрөл олгохоор хуульд тусгасан байсан. Гэтэл үүнээс хойш энэ тусгай зөвшөөрлийг ийм байгууллага олгоно гэж нэмсээр байгаад 913 болчихсон байна. Тиймээс уг хуулиар зөвшөөрөл нэрийн дор төрийн үйлчилгээг хүнд суртал, авлига, хээл хахууль руу чирж байгаа нөхцөл байдлыг засч, зөвшөөрлийн тоог цөөлж, олголтын үйл ажиллагааг сайжруулах юм.
-Ээлжит бус чуулганаар тэтгэврийг нэмэгдүүлсэн. Энэ нь одоо байгаа эдийн засгийн боломжоо шавхаж нэмсэн үү. Үүнээс илүүг нэмэх боломж байсан уу?
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.
Эдгээр хуулиудыг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 465.000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарсан. Халдварт цар тахлын дэгдэлт улсын эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч 2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар энэ шийдвэрийг гаргалаа. Энэхүү арга хэмжээнд нийтдээ 637.0 тэрбум төгрөг зарцуулагдана. Энэ хөрөнгөөр тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 15 хувиар нэмэгдүүлнэ.
Төсвийн байнгын хороо богино хугацаанд үр дүнтэй хуралдаж, 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн урсгал зардлыг 15.4 хувиар танах замаар буюу төрийн байгууллагуудыг 2022 онд урсгал зардлаа танаж, бүсээ чангалах байдлаар ажиллахыг чиглэл болгосон хэлбэрээр энэ эх үүсвэрийг гаргалаа. Азай буурлуудын маань тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500.000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400.000 төгрөг боллоо. Цаашид тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцоог сайжруулах, шинэчлэх чиглэлд миний бие илүү санаачилга, оролцоотой ажиллах болно.
-Өнгөрсөн намрын чуулганаар Засгийн газрын бүтцийг нэмэх шийдвэр гаргаж, шинэ яам байгуулагдах болсон. Энэхүү яамны голлох үүрэг юу вэ. Эдийн засгийн хямралтай үед шинээр яам байгуулах нь хэр оновчтой гэж та харж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны 11 дүгээр сард УИХ-аар баталсан. Ингэснээр Засгийн газрын бүтцэд шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан.
Сангийн яам бол цэвэр орлого, зарлагаа хянаад явдаг. Ингэхдээ зарлагаа бага байлгах талд гол анхаарлаа хандуулчихдаг. Орлого төвлөрүүлэх талд төдийлөн хангалттай сайн ажиллаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бондуудтайгаа зууралдсаар байгаад жил өнгөрчихөөд байгаа юм. Ирэх оны төсөв батлах үеэр УИХ оновчтой хөрөнгө оруулалт талд маш их маргаантай байлаа. Цаашид хөрөнгө оруулалтын асуудлыг илүү оновчтой болгох үүднээс хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэх ёстой. Ингэхдээ хоёр талаас харах ёстой. Нэгдүгээрт, эдийн засгийн үр өгөөжийг харж эрэмбэлэх. Хоёрдугаарт, нийгмийн хөгжлийн үр өгөөж талаас нь эрэмбэлж хөрөнгө оруулалтыг тавих ёстой. Яагаад гэвэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалт хийх боломжтой дүн нь хязгаарлагдмал байдаг.
Дутууг нь гадаадын зээл тусламжаар хааж л явдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтад гаднаас зээл авах боломж хязгаарлагдмал байгаа. Бид зээлийн таазанд тулахад маш ойрхон болсон байна. Тиймээс байгаа жаахан нөөцөөрөө хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, оновчтой болгох зайлшгүй шаардлагатай. Үүнийг хийж, ярьж байгаа төрийн байгууллага өнөөдөр байхгүй байна. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яам хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлж, хамгийн үр өгөөж өндөртэй зардлууд руу хөрөнгө оруулалт хийх, боомтын нэвтрүүлэлтийг сайжруулах, арьс, ширний боловсруулах үйлдвэрүүдээ барих, ядаж зэс баяжуулах үйлдвэрээ өөрсдөө барих ёстой. Өнгөрсөн хугацаанд цахим хөгжлийн хүрээнд 200 гаруй сая ам.долларын программ хангамжийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэн. Үүний үр дүнг хангалттай гэж дүгнэх боломжгүй.
Гэтэл дэлхий ертөнц цахим хөгжил, виртуал хөрөнгө гээд хөгжлийнхөө үе шатаар дээш ахиж, бодлоготой болж, түүнийг нь хэрэгжүүлэх төрийн бүтцийн байгууллагуудтай ч болоод байна. Цахим хөгжлийн төсөл хэрэгжээд байгаа хэрнээ үр дүн гарахгүй байгаа шалтгаан нь хууль батлагдахдаа боловсруулах шатандаа салбарын яамнаас чиглэл чиглэлээр нь л санал авдаг. Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсанаар УИХ-аар хэлэлцэн батлах гэж байгаа хуулиудад технологийн талаас нь дүгнэлт, зөвлөмж өгнө. Засгийн газрын бодлого, шийдвэр болон салбар бүрт хэрэгжиж буй программ хангамжийг нэг зүгт чиглүүлэхэд энэ яам асар чухал үүрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны нэгэн том зорилт бол дижитал эдийн засгийг хөгжүүлж улсдаа орлого олох бодлого байна. Мөн Үндэсний аюулгүй байдалтай холбоотой яам.
-Шинээр байгуулагдаж байгаа яамдуудын сайдаар УИХ-ын гишүүд очих сонирхол байх шиг байна. Гэхдээ Үндсэн хуулиараа энэ нь хязгаартай байгаа. Тиймээс давхар дээлийг нэмэгдүүлэх асуудал яригдах болсон. Үүнд та ямар байр суурьтай явдаг вэ?
-Гол бодлогын яамдууд хоёр жилийн хугацаанд давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн дөрвөн сайд, бусад нь дан дээлтэй сайд нартай явж үзлээ. Тухайн салбарын чухал болон бодлогын хуулиуд УИХ-д орж ирэхэд дан дээлтэй сайд нар орж ирэхгүй, асуудлыг хамгаалж чадахгүй байгаа тал ажиглагддаг. Тиймээс гол бодлогын яамдууд яалт ч үгүй давхар дээлтэй сайд нар байвал илүү тохиромжтой бөгөөд бодлого илүү хэрэгжих юм болов уу гэж харж байгаа. Миний хувьд хэдэн сайд давхар дээлтэй байх нь тийм чухал биш.
-Сүүлийн үед Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан болж байна. Зарим нь зээлээ зөв зүйлд зарцуулж, эргэн төлөлтөө чанартай хийж байна. Зарим нь чанаргүй зээлдэгч болж, эргэн төлөлтөө хийхгүй байгаа нь асуудал үүсгэж байх шиг. Таны эгчийн компани уг банкнаас зээл авсан тухай мэдээлж байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамндинням та гуравтай холбоотой зээл гэж байна. Энэ үнэн үү. Авсан бол таны оролцоо байсан уу. Эсвэл тухайн компани хууль дүрмийнхээ дагуу зээлээ авч үйл ажиллагаандаа зарцуулж байгаа юу. Эргэн төлөлтөө хийж байгаа юу. Энэ асуудлаар та тодорхой үнэн бодит мэдээллийг өгөөч?
-Хөгжлийн банкнаас авсан зээл бол УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө болсон үйл явдал. Бизнес эрхэлж байх хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явуулж, энэхүү зээлийг миний хамаарал бүхий этгээд авсан. Ингэхдээ зээлийн шаардлага, нөхцөлийг хангаад хууль дүрмийнхээ дагуу авсан байдаг. Зээлийн зориулалт нь экспортын чиглэлийнх байсан. Тухайн зээл авсан компани нь Энержи ресурс компанийн уурхайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Зээлийг авахдаа 1х3 буюу 90 гаруй тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулж зээлээ авсан. Миний хувьд зээлтэй холбоотой шаардлагатай бүх материалыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй өгсөн. Би тухайн зээлиийг авахад ямар нэг нөлөө үзүүлэх боломжгүй. УИХ-ын гишүүнээр ч сонгогдоогүй байсан.
Аливаа зүйлд зааг байх ёстой. Улстөрч болчихоод зээл авсан бол ёс зүйн хариуцлага. Улстөрч болсныхоо дараа хамаарал бүхий этгээддээ энэ зээлийг авч өгсөн бол өнөөдөр ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал үүсэхэд уг зээлийн эргэн төлөлтийг судалж үзэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд экспортын үйл ажиллагаа саатсан. Компанийн үйл ажиллагаа 2021 оны хоёрдугаар сараас хойш зогссон. Үндсэн төлбөрийн хугацааг экспорт идэвхжихээр төлөх бөгөөд зээлийн хүүний хувьд тогтвортой төлж байгаа юм билээ. Одоогоор 8.8 тэрбум төгрөгийн хүү төлсөн. Уг зээл чанаргүй гэдэг ангилалд ороогүй хэвийн явж байгаа.
-Таны эгч энэ банкнаас зээл авсан гэхээр энэ нь таны хувьд ашиг сонирхлын зөрчил болох уу?
-УИХ-ын гишүүн болсны дараа миний эгч юмуу хамаарал бүхий этгээд төрийн аль нэг банкнаас зээл авсан бол энэ бол давуу байдлаа ашигласан нөхцөл болж, хуулийн болон ёс зүйн дагуу хариуцлага хүлээх ёстой болно. Харин олон жил хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж, улсад татвараа төлж, олон зуун ажлын байрыг бий болгож ирсэн бизнес эрхлэгчидээ зохих журмын дагуу зээл авч үйл ажиллагаагаа явуулсны төлөө бүгдийг “хулгайч” нэрээр цоллох нь байж боломгүй асуудал. Магадгүй улстөрчийн гэр бүл гэдгээр олон нийтэд хардлага үүсдэг. Тийм ч учраас цаашид төр болон бизнесийн заагийг бий болгох, шилэн байлгахын тулд өөрийн гэр бүлийн гишүүдийн хамаарал бүхий компанийг хувьцаат компани болгон өөрчилснөөр ард иргэд, олон нийт нээлттэй ил тод, бодит мэдээллийг авах боломжийг хангахаар зорьж байна.
-Хөгжлийн банкаас авсан чанаргүй зээлийг төр хариуцан эргэн төлөлтийг нь хийнэ гэж ярих юм. Энэ үнэн үү, ингэх боломж байхгүй биз дээ?
-Мэдээж энэ тохиолдолд зээл авсан иргэн, аж ахуйн нэгж хариуцлагаа үүрэх ёстой. Төр хариуцан төлөх ямар ч эрх зүйн үндэслэл хийгээд боломж байхгүй.
-Үнэхээр зээл авсан этгээдүүд нь зээлээ төлж чадахгүй бол яах ёстой байдаг юм бол оо?
-Аливаа зээлийг авахад түүнтэй тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий барьцаа эд хөрөнгийг байршуулдаг. Хэрвээ зээл авсан этгээд төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд төр тухайн барьцаа хөрөнгийг зохих журам хийгээд гэрээний дагуу хураан авч, хохирлыг барагдуулах ёстой.
-ЖДҮ гээд нэг хэсэг шуугьсан. Одоо Хөгжлийн банк гээд шуугьж байна. Улстөрчид, өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдаг болон эрх мэдлээ ашиглаж ингэж зээл аваад байхаар ард түмэн үнэхээр эгдүүцэж байх шиг байна л даа. Цаашид ч ийм үзэгдэл нийгэмд ил болсоор л байна байх. Улстөрчдийг мөнгөний эрх мэдлээс зааглах эрх зүйн орчин дутаад байна уу?
-Ер нь Хөгжлийн банкнаас зээл авсан болон хамаарал бүхий этгээдүүдийг ингэж ил зарлаж байгаа нь зүйтэй юм. Ил зарлагдаж байгаа руу нь л ингэж гал ирээд байгаа болохоос бус анхнаасаа нууж, хаасан зүйл байгаагүй. Бид бизнес эрхэлж байх үедээ бизнесийнхээ зээлийг хууль, дүрмийн дагуу авсан. Улстөрч болно гээд энэ зээлийг давуу эрх эдэлж, нөлөө үзүүлж авсан зүйл байхгүй учраас нээлттэй ил тод зарлаж байгаа нь зөв. Өнөөдөр 26 компанийн асуудал яригдаад байна. Эцсийн өмчлөгчийн асуудлыг ярих ёстой. Эцсийн өмчлөгч нь тодорхой бус, судлаад үзэхээр арилжааны банкууд хүртэл зээл авчихсан байх жишээтэй. Тухайн банкны эцсийн өмчлөгч нь хэн бэ. Үүнийг тодруулах ёстой. 1.2 их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын хувьд их мөнгө. Энэ мөнгө найдваргүй зээл болчихсон. Гэтэл зээл авсан компанийн эцсийн өмчлөгч байж л байгаа шүү дээ.
-Нэг хэсэг тантай холбоотой Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нийгмийн бухимдлыг төрүүлсэн. Яг учир шалтгааныг нь мэдэх улсууд бол дэмжсэн. Одоо энэ хуулийн төсөл ямар шатандаа яваа вэ. Батлагдаагүй байгаа биз дээ?
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны зургадугаар сарын 21-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулган болон холбогдох байнгын хороодоор хэлэлцэгдэж байгаа. Хараахан батлагдаагүй байна. Монгол Улс хэдхэн жилийн өмнө гадаадын асар их хөрөнгө оруулалттай улс байсан. Харин өнөөдөр яагаад гадаадын хөрөнгө оруулалт багасчихав. Монгол Улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулах зорилтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх баталсан байдаг.
Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж үзсэн. Мөн уг хуульд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан. Уг хуулийн гол зорилго бодит хөрөнгө оруулалт хийх хүмүүсийг ялгаж салгах, тэдэнд зориулсан эрх зүйн орчныг нь нээлттэй болгож эерэг мессэж өгөх зорилготой.
-Ирэх хаврын чуулганаар та ямар хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна вэ. Хаврын чуулганаар хүлээгдэж байгаа гол гол батлагдах хуулийн төсөл юу байна вэ?
Мэдээж УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхлэхээс өмнө ахлан ажиллаж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг ажлын хэсэгтэйгээ сууж илүү чамбайруулах, хийдэлгүй болгох чиглэлд ажиллаж байна. Ирэх хаврын чуулганаар уг хуулиа батлуулахаар зорин ажиллаж байгаа. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл ч байна. Миний хувьд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүний хувьд өнгөрөгч чуулганаар батлагдсан цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт болон хэрэгжилтэд шаардлагатай эрх зүйн бусад баримт бичгүүдийг боловсруулан гаргах чиглэлд байнгын хорооны дарга, гишүүд, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн гишүүний хувьд холбогдох хуулийн төсөл дээр ажлын хэсгийн гишүүдтэй хамтран боловсролын салбарын хөгжил, шинэчлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.