П.Дэлгэрнаран: Сонгуулийн Ерөнхий Хороо хараат бус, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг
Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Монгол Улсын Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш гурван сарын дараа Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулагдсан түүхтэй. Эдүгээ 30 жилийн ойтойгоо золгож буй тус хорооны дарга П.Дэлгэрнарантай ярилцлаа.
Монгол Улсад шударга, ардчилсан сонгуулийн соёлыг төлөвшүүлэх Cонгуулийн төв байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?
Байнгын ажиллагаатай сонгуулийн төв байгууллага буюу Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороог 1992 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Бага Хурлын 1992 оны 18 дугаар тогтоолоор Сонгуулийн Ерөнхий Хороог Улсын Их Хурлын дэргэд 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Шинэ Үндсэн хууль буюу Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Монгол Улсын Үндсэн хуулиа баталснаас гурван сарын дараа манай Хороо байгуулагджээ. Монгол Улсад сонгуулийн төв байгууллага үүсч хөгжөөд 30-н жил болж, алдаа, оноотой ч шударга, ардчилсан сонгуулийн соёлыг төлөвшүүлэх замдаа нэгэнт шулууджээ. Бүүр нарийн яривал энэ хугацаагаар хязгаарлагдахгүй гэдгийг түүхч, судлаачдын дүгнэлт харуулж байна.
Тийм ч учраас бид сонгогч, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор “Ардчилсан сонгуулийн түүхэн товчоон” номыг эмхэтгэн түгээхээр бэлтгэж байна. Энэ нь зөвхөн нэг байгууллагын түүх, тайлан биш, Монгол Улсад сонгох, сонгогдох үйл явц хэрхэн өрнөж ирсэн, сайн, муу туршлага, он цагийн дарааллыг 2022 он хүртэлх цаг хугацааны түүхийг ямар нэг нөлөөгүйгээр, байгаа баримтаар нь цаасан дээр баринтаглан буулгасан бичээс тул цаашид хүүхэд, залуус, эрдэмтдийн судалгааны эх сурвалж, гарын авлага болгоход хэрэгтэй гэж үзсэн юм.
Коронавируст халдвар цар тахлын улмаас ойн баярыг тэмдэглэхийг хориглосон учраас баяр ёслол гэхээс илүү өнгөрсөн, одоог хэлэлцэн дүгнэж, ирээдүй хэтийг төлөвлөх нь үр дүнтэй гэж үзэж байгаа. Иймээс бид ирэх дөрөвдүгээр сард сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлаар олон улсын онол, практикийн бага хурлыг зохион байгуулна. Цахим болон танхим хосолсон энэ арга хэмжээнд үндэсний болон олон улсын сонгуулийн байгууллагуудын удирдлагууд, үндэсний экспертүүд, судлаач эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн нам, эвсэл зэрэг олон талын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлж, цаашдын чиг хандлагын талаар санал солилцох болно.
Энэ байгууллага сонгуулиас бусад үед ямар ажил үйл эрхэлдэг вэ? Дөрвөн жилд нэг удаа ажилладаг гэж ойлгогдоод байдаг. Гэтэл 30 жилд 34 сонгууль зохион байгуулсан гэх тоо баримтыг олж уншлаа?
Та их зөв зүйлийг анзаарчээ. Зарим хүн манай байгууллагын үйл ажиллагааг 4 жил тутамд болдог сонгуулиар төсөөлөөд байдаг. “Сонгуульгүй жил та нар юу хийдэг вэ?” гэж сониучирхах нь ч бий. Гэтэл байнгын ажиллагаатай сонгуулийн төв байгууллага нь тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгууль 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 8, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг 7 удаа, УИХ-ын нөхөн болон дахин сонгуулийг 11, нийтдээ 34 удаагийн сонгуулийг зохион байгуулжээ. Сонгуулийн Ерөнхий Хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага юм. Хараат бус, бие даасан статустай хороо маань аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг.
Сонгуулийн Ерөнхий хороо гучин жилийн хугацаанд 34 удаагийн сонгууль зохион байгуулсан.
“Цэргийг мянган жил тэжээж, нэг өдөр ашигладаг” гэдэг шиг сонгуулиар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, сургалтууд явуулах, сонгуулийн бэлтгэл ажлыг эрт эхлүүлдэг, ер нь байнгын тогтмол бэлтгэлтэй байж гэмээнэ хууль журамд нийцсэн, мэргэжлийн түвшинд ажиллах боломж бүрддэг. Сонгуулийн бусад жилүүдэд дэлхийн улс орнуудын сонгуулийг ажиглах, харилцан туршлага судлах, шинэ техник технологи нэвтрүүлэх, засвар, шинэчлэлт, урьд өмнөх сонгуулиудын ажиглагчдаас өгсөн зөвлөмж, мэдээлэлд үндэслэн ажлаа сайжруулах, сонгогчдын боловсрол, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэгт чиглэдэг.
Сонгуулийн Ерөнхий Хорооны өнгөрсөн 30 жилийн ололт амжилтыг түүхийг хэрхэн дүгнэх вэ?
Ямар ч байсан сонгууль ил тод, нээлттэй, нуух зүйлгүй байх ёстойг нийгмийн бүх субъект хүлээн зөвшөөрдөг болсон байна. Хүний язгуур эрх болох сонгох, сонгогдох эрх чөлөөг хэнээс ч хамааралгүйгээр эдэлж, “өөрийн бодол өөртөө зөв” гэдгийг сонгогчид ойлгож, эрхээ эдлэх боломж, нөхцлийг олон талаар бүрдүүлж өгөх нь бидний гол үүрэг. Урьд өмнөх гашуун туршлагаасаа суралцан жилээс жилд сайжруулалтыг хийж ирсэн нь түүхэн замналаас харагддаг. Дэвжиж, дээшилж, хөгжсөөр, олон улсын хэмжээнд сайн жишиг, туршлага болж ирсэн нь бага үнэлэмж биш юм.
Улсын Бага Хурлын дэргэд, Төрийн ордны мухарт 2-хон өрөөнд суух ч газаргүй шахам байгуулагдсан Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн, хараат, бус бие даасан сонгуулийн төв байгууллага болтлоо хөгжсөн нь олон хүний хичээл, зүтгэл, хөдөлмөрийн үр нөлөө юм.
Энд жил жилийн, шат шатны сонгуулийн үндэсний болон олон улсын ажиглагчид, нам, эвсэл, нэр дэвшигчид, иргэний нийгэм, хүний эрхийн байгууллагуудын хяналт, мониторинг, бүх шатны сонгуулийн байгууллагуудын ажилтан, албан хаагч, хамтран ажиллагч байгууллагууд, маш олон талт оролцоо багтана.
Сонгуулийн ардчиллын үнэт зүйлсийг сонгогчдод хүртээсэн, түүний дотор сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, сонгуулийг амжилттай зохион байгуулсаныг үнэлж, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд Лондонд төвтэй Олон Улсын Парламентын судалгааны төвөөс “Сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч” олон улсын шагналыг олгож байсан бол Авлигатай тэмцэх газраас хөндлөнгийн хараат бус шинжээчдээс хийлгэдэг мониторингоор манай Хороо авлигын эсрэг үйл ажиллагаагаараа шалгарсан үзүүлэлттэй явж ирсэн байдаг.
Сонгууль, сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны нэг гол онцлог нь хууль, эрх зүйн орчин байдаг. Бүх зүйл хууль, эрх зүйн хүрээнд яригдана. Хуульд заасны дагуу, тэр хүрээнд ажиллана. Үйл явц, үе шат болгоныг хуульчлаад өгчихсөн байдаг. Түүнээс гажвал хариуцлага хүлээнэ. Манай зарим ажилтан үүнийг “нэг хөл шороон дээр, нөгөө хөл шоронгийн үүдэнд явдаг хариуцлагатай алба” гэж хошигнодог юм.
Эрх зүйн орчин, зохицуулалт маш чухал. Манай улс сонгуулийн хууль тогтоомжоо боловсронгуй болгож ирсэн байдаг ч ирээдүйн чиг хандлага, техник, технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхийн тулд хүндрэл чирэгдэлгүй, шударга сонгуулийг зохион байгуулахад бодлогоо чиглүүлэх л учиртай.
Эшлэл:Түүхэн үечлэлээс үзвэл Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль зэрэг хэд хэдэн хууль батлагдсанаар томоохон өөрчлөлт, Ази тивдээ төдийгүй дэлхий нийтэд анхдагч гэж хэлж болохоор шинэчлэлийг сонгуулийн системдээ /тогтолцоо/ хийсэн байдаг.
Шинэ зүйлийг нэвтрүүлэх амаргүй давааг үүрээд гарсан ч сонгуулийн автоматжуулсан системийг бүрэн нэвтрүүлсэнээрээ бусад улс оронд ч сайнаар нөлөөлж, өнөөдөр хүн бүр газрын хаанаас ч, буйдан дээрээ хэвтэж байгаад ч сонгуулийн ирц, оролцоо, явц, сонгогчдын нас, хүйс, оршин суугаа газраар нь алган дээрээсээ хараад суух боломжтой болчихлоо. Олон жил сонгууль сурвалжилсан сэтгүүлчид ингэж онцолж, талархаж байсан болохоор “буйдан” гэж тодотгож байгааг ойлгоно биз ээ.
Хамгийн сүүлд гэхэд л Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль, Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үеэр бүх хэсгийн хороо, санал авах байрыг камертай болгосноор сонгуультай холбоотой хэрэг зөрчил, маргааныг цаг алдалгүй шийдвэрлэх, баримтжуулах, иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагааг таслан зогсоох, арга хэмжээ авах боломж бүрдсэн. Сонгогчийн саналаа нууцаар өгөх эрхэд халдахгүй, бусдын нөлөөнд автахгүй байхаар камерыг байршуулсан.
Техникийн шинэчлэл хийж, том дэлгэцээр бүх хэсгийн хороог олон нийтэд нээлттэй харуулж, санал хураах, тоолох, хяналтын тооллого зэрэг бүх үйл явцыг бүхний нүдэн дээр харуулдаг боллоо. Сонгуулийн үйл ажиллагаанд автомат техник хэрэгсэл ашигласан нь хүний буруу үйлдлээс хамаарах сөрөг үр дагавруудыг арилгаж, сонгуулийг будлиантуулах гэсэн аливаа хууль бус, субъектив нөлөөг бүрэн зогсоож сонгуулийг шударга явуулах боломж бүрдүүлсэн.
Нэг сонгогч нэг жагсаалтад бүртгэгдэж, нэг удаа саналаа өгөх зарчмыг амжилттай хэрэгжүүлсэн
Сонгууль бүрээр маргаан дагуулдаг асуудлын нэг нь сонгогчдын нэрийн жагсаалт. Үүнийг Монгол Улсад 2010 онд явагдсан иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, сонгогчийг бүртгэх үйл ажиллагааг бүхэлд нь улсын бүртгэлийн байгууллагад хуулиар шилжүүлсэн.
Нэг сонгогч нэг жагсаалтад бүртгэгдэж, нэг удаа саналаа өгөх зарчмыг амжилттай хэрэгжүүлснээр сонгогчдын нэрсийн жагсаалт бодитой гарч, түүнтэй холбоотой гардаг маргааныг эцэслэх боломжтой болгосон юм. Цахим засаглалын шинэчлэлийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим гарын үсгийг нэвтрүүлэх ажлыг холбогдох яам, байгууллагууд нь хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Цаашид ч бүр хүндрэл чирэгдэлгүй болгох талд анхаарах нь бидний үүрэг.
Сонгуулийн Ерөнхий Хороо шиг үйл ажиллагаа, шийдвэр нь бүхний нүдэн дээр ил тод, жилдээ 5-6 удаа аудитаар хянагддаг, явуулсан сонгууль бүр нь олон улсын ажиглагчдын хяналтан дор, тэднийхээ санал, дүгнэлт, шүүмжийг дор дор нь тусгаад, сайжруулаад явдаг, бүр тэдэнтэйгээ хамтраад ажилладаг байгууллага хэд ч байдаг юм. Энэ бүхэн нь том ололт авчирсан гэж олон улсын шинжээчид дүгнэдгийг давтан хэлэхэд таатай байна.
Ингэхэд Сонгуулийн Ерөнхий Хороог байгуулахаас өмнө сонгуулийн ажлыг хэрхэн зохион байгуулдаг байсан бол?
Монгол Улс дэлхий нийтээр төлөвшиж байгаа ардчилсан замд хөл тавиад ердөө гучаадхан жилийг ардаа орхиж байгаа ч төрт ёсны удаан жилийн түүхтэй, бодлого уламжлалтай орон юм. Түүхчид Монгол төрийг сонгох уламжлал нь эзэн хаанаа сонгодог байсан 13 дугаар зуун, Чингис хааны үеэс эхлэлтэй гэж үздэг юм байна.
БНМАУ-ын Ардын Их Хурлын 1990 оны тавдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар АИХ-ын болон орон нутгийн Ардын хурлын депутатуудын сонгуулийг 1990 оны 7 дугаар сарын 29-ний Ням гарагт нэгэн зэрэг явуулахаар шийдвэрлэж, Монгол Улсад анх удаа олон намын оролцоо, нам, эвслээс болон бие даан нэр дэвших эрхийг хангаж, нэг тойрогт олон хүн нэр дэвшиж, сонгогчдод сонголтоо чөлөөтэй хийх боломж бүрдүүлсэн байдаг.
Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг жинхэнэ утгаар нь баталгаажуулсан сонгуулийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн энэхүү сонгуулийг хот, хөдөөгийн хөдөлмөрийн хамт олон, нам, олон нийтийн анхан шатны байгууллага, цэргийн албан хаагчдын хурлаас сонгогдсон төлөөллийн бүрэлдэхүүнтэй нутаг дэвсгэрийн комисс зохион байгуулжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулах үүрэг нутаг дэвсгэрийн комисс нь өнөөгийн сонгуулийн байгууллагын үүсгэл, суурь байжээ гэж дүгнэхээр байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо нь өөрийн мэргэшсэн ажилтнуудтай, гадаадын ижил төрлийн байгууллагуудтай харилцаатай төрийн мэргэшсэн цөөн байгууллагуудын нэг гэгддэг?
Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулагдсан цагаасаа гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарч ирсэн. Үүнээс сүүлийн 20 жилд эрчимтэй хөгжжээ. Өнөөдрийн байдлаар манай Хороо Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Холбоо, Азийн сонгуулийн байгууллагуудын Холбооны гишүүн төдийгүй Киргиз /2015/, ОХУ /2019/, БНСУ/2014/, ХБНГУ /2015/, БНЭУ /2021/ гэсэн таван улсын сонгуулийн төв байгууллагатай хамтын ажиллагааны Санамж бичигтэйгээр ажиллаж байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газар, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн зэрэг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай. Ямартаа ч Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос хэрэгжүүлж ирсэн сонгуулийн шинэчлэлийг олон улс, байгууллагууд анхааралтай ажиглан, сайнаар үнэлж байгаа.
Сонгуулиар мэргэшсэн, мэргэжлийн ажил үйлчилгээг эрхлэхийн тулд Ажлын алба, Мэдээллийн технологийн төвийн цөөн орон тоотой, цомхон бүтцээ чанаржуулж, чадавхжуулж, тогтмол сургалт, мэдээллээр хангах, төрийн албан хаагчдад тавигддаг чадахуйн зарчимд суурилсан бодлого явуулахад удирдлагын зүгээс анхаарал тавин ажиллаж байна. Алдаа, оноо, бүх зүйл нь ил тод байдаг болохоор Сонгуулийн байгууллага онцлогтой. Ажиглагчдын дүгнэлтээс их зүйлийг “уншиж” болдог. Жишээлбэл, сонгууль зохин байгуулах ур чадварыг эерэгээр үнэлж, зөвлөмж өгч ирсэн нь манай байгууллага, хамт олны, сонгуулийн үе үеийн ажиллагаанд тавьсан дүн юм.
Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөн ажилладаг. Энэ нь тус хорооны, гишүүдийнх нь үүрэг хариуцлагыг илтгэж байгаа чухал ёслол гэж бодогддог?
Тэгэлгүй яахав. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо 9 гишүүнтэй. Тэдний 2 нь орон тооны гишүүд, долоо нь орон тооны бус. Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая.” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөдөг. Тангараг өргөх журмыг Монгол Улсын Их Хурал батална.
Таны бодлоор Сонгуулийн Ерөнхий Хороо хараат бусаар ажиллаж чадаж байгаа юу?
Сонгуулийн төв байгууллагын хувьд оршин тогтнох гол үнэт зүйл нь хэн нэгнээс хараат бус, бие даасан статус гэж хэлж болно. Хараат бус байдал нь тухайн байгууллагын чадавхыг үнэлэх том хэмжүүр юм. Энэ нь зөвхөн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, санхүү, аж ахуйн талд ч хамааралтай. Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороо хараат бусаар ажиллаж чадаж байгаа гэж би танд баталгаатай хэлж чадна. Хэнээс ч хараат бусаар, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ цаг үед бид үйл ажиллагаагаа хэнээс ч хараат бусаар, хуулийн дагуу явуулж байна. Харин өөрийн гэсэн байшин барилгатай эсэх, бүтэц, орон тоо, Ажлын алба бусад төсөв, санхүүгийн тухайд өөр хариулт өгөх байх.
Анхны бөгөөд сүүлд явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хооронд туршлага болоод бусад олон хүчин зүйлийн ялгаа их байсан болов уу?
Маш их ялгаа бий. Энэ 2 сонгуулийн хооронд сонгуулийн байгууллага болон сонгуулийн менежментийн хөгжлийн их ялгааг харж болно. Сонгуулийн эрх зүйн орчин, байгууллагын статус, зохион байгуулалтын хамрах цар хүрээ, арга, техник гэх мэт олон өөрчлөлтийг дурдана. Жишээлбэл, байнгын бус сонгуулийн байгууллага буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны даргаар тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газрын дарга, хорооны бүрэлдэхүүнд төрийн албан хаагчид байхаар хуульчилсан нь улс төрийн нөлөөнөөс ангид үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүллээ.
Цар тахлын үеийн сонгуулийн онцлог юу байв. Та бүхэн хэрхэн даван туулж, зохион байгуулав?
Монгол Улс цар тахлын үед 3 том сонгуулийг зохион байгуулсан туршлагатай улс боллоо. Сонгох, сонгогдох эрх нь ямар ч үед хязгаарлаж үл болох, хүний үндсэн эрх учраас коронавируст цар тахлын үед төрийн сонгуулийг тасалдуулахгүй явуулах үүрэг Сонгуулийн Ерөнхий Хороонд оногдсон учраас ухрах боломж байгаагүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит, Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн сонгуулийг коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалттай үед зохион байгуулахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ыг дагаж мөрдсөн.
Уг журмыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 115 дугаар тогтоолыг үндэслэн боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор батлуулж, хэрэгжүүлсэн. Ингэхдээ Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон бусад мэргэжийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Мөн Сонгуулийн Ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үед коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хороо, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн газар, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд, нийслэлийн сонгуулийн хорооны төлөөлөлтэйгээр байгуулсан.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран
Халдвар хамгаалын дэглэмийн сахиулах, зохион байгуулалтыг хариуцахаас гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон тусгаарлагдсан сонгогчдын судалгаа, тусгаарлах байр, эмнэлгийн тоог нарийвчлан гаргаж, харьяалах хэсгийн хороод, эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулснаараа онцлог юм.
СЕХ цаашид ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж байна вэ?
Хийхээр төлөвлөсөн зүйл их байна. Дэлхийн бусад улс оронд тулгарч байгаа сорилтууд манайд адилхан ажиглагдаж эхэлж байна. Лондонд төвтэй Олон Улсын парламентын судалгааны төв (ICPS)-өөс өнгөрсөн сард зохион байгуулсан “Сонгуулийн технологийн инноваци: 2030-аад оны технологийн хэрэглээ ямар байх вэ?” виртуал уулзалтад манай Хорооны удирдлагууд, Ажлын алба, Мэдээллийн технологийн төвийн ажилтнууд оролцсон. Дэлхий нийтэд технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаа ч сонгуулийн салбарт цахим шинэчлэлийг ашиглах явдал ахиц муутай, банк санхүү, цахим засаглал зэрэг бусад салбараас хол хоцорсныг дэлхийн улс орнууд анхааралдаа авч эхэлсэн байна.
Коронавируст цар тахлын улмаас улс орнуудын сонгуулийн ирц огцом буурах хандлагатай байгааг уулзалтын үеэр хөндөж байсан. Эдгээр нөхцөл байдлаас улбаалан сонгуулийн ардчиллын үйл явцад шинэ технологи ашиглах зүй ёсны хэрэгцээ, шаардлага үүсчээ. Сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, чирэгдэл багатай, түргэн шуурхай, орон зай, газар зүйн байршлаас үл хамааралтайгаар саналаа өгөх боломжоор хангах, байгаль орчинд ээлтэй, цахим санал хураалт явуулах нөхцлийг бүрдүүлэх, ингэхдээ мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох зэрэг шинэчлэлийг цаг үе шаардаж байна.
Дэлхий нийтэд технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаа ч сонгуулийн салбарт цахим шинэчлэлийг ашиглах явдал ахиц муутай байна
Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх, сонгогчдын боловсролыг дэмжих Мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвөө бэхжүүлэх, Сонгуулийн ажиглагчийн төвийг Монголд шинээр байгуулах зэрэг стратегийн баримт бичиг боловсруулах, цахим санал хураалтыг нэвтрүүлэх чиглэлээр судалгаа, тандалт явуулах, хэрэгжүүлэх гэх мэт тоочвол зөндөө л юм байна. Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн сонгох эрхийг хангах үүднээс санал авах ажиллагааны олон хувилбарыг нэвтрүүлэн ажиллах нь сонгуулийн байгууллагын үндсэн үүрэг юм. Монгол Улсын гадаад орнуудад оршин суугаа иргэд, уул уурхайн салбарт ажиллаж буй сонгогчид, орон нутгаас Улаанбаатар хотод суралцаж буй оюутан залуус, Сонгуулийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчид сонгуулийн санал авах өдөр өөрийн харьяа санал авах байранд очиж саналаа өгөх боломж хязгаарлагдмал байсаар байна.
Жишээлбэл, Монгол Улсаас гадаад улсад суугаа иргэдийн хувьд Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын нэгдсэн дүнгээр Монгол Улсаас 122,301 иргэн гадаадад оршин сууж байна. Тэднээс 20-оос дээш насны иргэд 100,000 орчим байгаа нь Хэнтий, Дорнод аймгийн сонгогчийн тоотой тэнцүү байна. Сонгогчдын оролцоо сул байна.
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (IDEA)-гийн судалгаагаар дэлхийн 150 орчим улс гадаад улсад суугаа иргэдийн саналыг дараах хэлбэрүүдийг хослуулан авч байна. Үүнд: Санал авах байранд ирж биеэр санал өгөх, шуудангаар санал өгөх, факсаар санал өгөх болон цахимаар санал өгөх гэсэн хэлбэрүүдийг хослуулан зохион байгуулж байна. Эдгээр улсаас нийт 13 улс цахим санал хураалтыг хэрэглэж байгаагийн олонх нь гадаад улсад суугаа иргэд, дипломат төлөөлөгчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүд болон цэрэг армид ажиллаж буй иргэдийн саналыг авахад цахим санал хураалтыг түгээмэл хэрэглэж байна.
Цахим санал хураалт /Internet voting/ давуу тал болох сонгогч газар зүйн байршил үл харгалзан интернетээр санал хураалтын системд холбогдож саналаа өгөх боломжийг бид судлах ёстой. Энэ тухай Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2021 онд УИХ-ын Цахим бодлогын байнгын хороонд санал хүргүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг Улсын Их Хуралд өргөн барьж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа нөхцөл байдлыг танилцуулсан байгаа.