МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.06
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Т.Энхтүвшин: Аймаг, дүүргийн засаг дарга нь ойн ангийн даргаа томилдог, чөлөөлдөг байх нь зүйтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,04,06/-ны өдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулинд буруу заалтууд байна. Тухайлбал 14.2.24-т заасан байна. Ойн аж ахуйн даргыг сайд шууд томилно. Харин аймаг, дүүрэгт байгуулагдах ойн ангийн даргыг аймаг, дүүргийн Засаг даргатай нь зөвшилцөж байж томилохоор заалт оруулсан байна. Ингэснээр  аймаг, орон нутагтайгаа хамтарч ажиллах нөхцөл алдагдахвий гэж харж байна. Ойн ангийн даргыг аймаг, дүүргийн Засаг дарга нь томилох тогтолцоог бий болгож өгөх хэрэгтэй. Үүнээс болж яамны ажил, аймгийн ажил хоёр хоорондоо уялддаггүй. Аймагт үйл ажиллагаа явуулж буй газарт бид аймаг, орон нутагт хамааралгүй, яаманд хамааралтай гэдэг үзэл баримтлалыг бий болгоод, уялдаа холбоо алдагддаг. Тийм учраас энэ заалт дээр онцгой анхааран аймаг, дүүргийн засаг дарга нь ойн ангийн даргаа томилдог, чөлөөлдөг байх заалт оруулах нь зөв.

Хоёрдугаарт 14.2.27-д заасан Газар эзэмшиж байгаа санхүүгийн цогц дэмжлэг үзүүлэх мөнгөн урамшуулал олгох тогтолцоог хөгжүүлэх гэж байна. Үүнийг дэмжиж байна. Гэхдээ маш тодорхой бичиж оруулмаар байна. Аж ахуй нэгж, иргэд мод тарих юм бол тэдний дэмжлэг, мөнгөн урамшууллыг улсын төвлөрсөн төсөв болон орон нутгийн жил бүрийн төсөвт суутгаж, урамшуулал үзүүлнэ гэх мэтчилэн дэлгэрэнгүй заалт оруулж ирмээр байна.

Мөн энэ онд тарих тарьц, суулга нь хэр их байгаа вэ? Дотоодынхоо нөөц бололцоогоор энэ жилийнхээ тариалалтыг хийх бололцоо байгаа юу? Хэрвээ байхгүй бол гаднаас татах бодол бий юу?

Усны асуудлыг говь руу яаж шийдэх вэ? Усалгааны асуудлыг нь хэрхэн шийдэх вэ?

Түүний асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ