Олон улсын онол, практикийн бага хурал зохион байгууллаа
2022.04.07
Улстөр

Олон улсын онол, практикийн бага хурал зохион байгууллаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны санаачлагаар “Ардчилсан сонгуулийн одоо ба ирээдүй” олон улсын онол, практикийн бага хурлыг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Сонгуулийн түүх, ололт амжилт, туршлага сургамж, цаашдын хөгжлийн чиг хандлага, зорилтыг тодорхойлсон уг арга хэмжээг нээж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нар үг хэлэв.

Сонгуулийн төв байгууллага үүсч байгуулагдсаны 30 жил, сонгуулийн үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлсний 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нараас Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хамт олонд ирүүлсэн баярын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг нар уншиж танилцуулан Сонгуулийн Ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнд гардуулан өглөө. Түүнчлэн хамтын ажиллагаатай гадаад орнуудын сонгуулийн төв байгууллагуудаас ирүүлсэн мэндчилгээг хуралд оролцогчдод танилцууллаа.

Анх 1992 онд Улсын Бага Хурлын дэргэд байгуулагдаж байсан Сонгуулийн ерөнхий хороо нь 2006 оноос Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу чиг үүргээ хэрэгжүүлж, ээлжит болон ээлжит бус сонгуулиуд, ард нийтийн санал асуулгыг улс орон даяар удирдан зохион байгуулах бүрэн эрхтэй, бие даасан, хараат бус, хамтын удирдлагын зарчимтай, байнгын ажиллагаатай, сонгуулийн төв байгууллага болон төлөвшжээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 8, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 7 удаа, Улсын Их Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 11 удаа, нийт 34 удаагийн сонгуулийг зохион байгуулжээ.

Сонгуулийн төв байгууллагын түүхээр Монгол сонгуулийн түүх хязгаарлагдахгүй, арвин баялаг юм. Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуульдаа сонгох, сонгогдох эрхийн тухай заалтыг тусгаснаар Ази тивдээ анхдагч. 1968 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад нэгдэн орсноор Монгол Улс иргэдийнхээ улс төрийн эрхийн хэрэгжилтийг олон улсад тогтмол тайлагнан хэлэлцүүлж, дүгнүүлж ирсэн ажээ. Сонгох, сонгогдох эрх чөлөөг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын гэрээ, конвенцууд, үндэсний хууль тогтоомжуудаар баталгаажуулж, бүс нутгийн хэмжээнд ихээхэн ахиц дэвшилтэй улсад тооцогдох болсон.

Цар тахлын амаргүй үед ч иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангаж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд цорын ганц эрх чөлөөт улс орон хэвээр байсныг олон улсын байгууллага үнэлж, судалгаандаа дурджээ. Алдаа оноо, ололт, амжилт дүүрэн сонгуулийн үйл ажиллагаанд олон талт оролцоо шаардлагатай. Олон хүний хүч, оролцоотой бүтдэг онцлогтой сонгуулийг чөлөөт, шударга явуулахад бүх шатны сонгуулийн байгууллагыг улс төрийн тэмцэл, талцлаас хол байлгаж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зөвхөн төрийн албан хаагчдыг ажиллуулах болсон. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын боловсон хүчний нөөц бүрдсэн. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан төрийн албан хаагчдаас 28715 нь шалгуур хангаж, гэрчилгээ авч, цахим санд бүртгэгдээд байна.

Чөлөө, шударга сонгуулийг явуулахын тулд сонгуулийн ирц, идэвхийг сайжруулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сургалт, судалгааг өргөн хүрээтэй явуулах, орчны хүртээмж, орон зай, хүний үйл ажиллагаанаас хамааралт байдлыг багасгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг бүрэн хангах, сонгуулийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх, сонгуулийн төв байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх, сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргах, хянах үйл явцыг боловсронгуй болгох зэрэг олон асуудал байгааг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Ардчилсан сонгууль-туршлага, сорилт” илтгэлдээ дурдаад цаашдын хөгжлийн чиг хандлага, сорилт, зорилтыг тодорхойлон хэлэлцэхээр уг арга хэмжээг зохион байгуулж байна гэсэн юм.

Сонгуулийн ирц, дүн мэдээг дэлхийн хаанаас ч, хүссэн үедээ гар утсаараа авах, хянах боломж  бүрдэж, сонгогчдын оролцоог хувь, нас, хүйс, хороо хорин, сум, багаар нь харах, цаашлаад санал авах байрны хөл хөдөлгөөнийг дэлгэцээр шууд хянах ил тод, нээлттэй байдал бүрджээ. Хараат бус ажиглагчдын тоо сонгууль бүрээр нэмэгдэж, ажиглах эрх зүйн орчин бүрдсэн. Иргэний нийгэм, хүний эрхийн байгууллага, ажиглагчдын санал, зөвлөмжийг сонгуулийн төв байгууллага үйл ажиллагаандаа тусгаж, ахиц дэвшил гаргаж, хамтран ажиллаж байгааг “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөр, түүний дэргэдэх иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, сонсголын бэрхшээлтэй иргэдийн “ДЕФ” клуб, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” төв, “Сонгогчдын боловсрол төв”, “МИДАС” зэрэг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд онцолж, санал бодлоо илэрхийлэв.

Тус онол, практикийн бага хурлын үеэр эрдэмтэн, судлаачдын зүгээс сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр олон санал, зөвлөмжийг гаргаж, сонгогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, итгэл үнэмшлийг төөрөгдлөөс ангид байлгах, санал хураалтын шинэ арга хэлбэр, цахим санал хураалтыг нэвтрүүлэх шаардлагатайг онцолж байв.

Академич Ж.Амарсанаа “Үндсэн хуулийн үзэл баримтлал: Төрийн дээд байгууллагын сонгууль”, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан “Мэдээллийн технологи сонгуульд”, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Цахим үндэстэн: эрх зүйн орчин, дэд бүтэц”, “Нээлттэй Нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.Энхцэцэг “Иргэний нийгмийн байгууллагын оролцоо”, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар (АИХЭА)-ны Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн Лолита Чигане, сонгуулийн зөвлөх Киара Кастальдо нар “Монгол Улсын сонгууль ажиглалтын дүн, зөвлөмж”, Ардчилсан сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн Сонгууль болон Улс төрийн оролцооны хөтөлбөрийн ахлах менежер Эди Аман “Иргэний оролцоо ба Сонгууль” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Бага хурлын үйл ажиллагаанд гадаад, дотоодын 200 орчим зочид төлөөлөгчид цахим болон танхимаар оролцож, үзэл бодлоо илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ