МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гандан орчмыг үндэсний соёл, аялал жуулчлалын бүс болгоход нэг шат ахив
2022.06.06
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Гандан орчмыг үндэсний соёл, аялал жуулчлалын бүс болгоход нэг шат ахив

Гандантэгчэнлин хийд орчмыг Үндэсний соёл, аялал жуулчлалын бүс болгох Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгавар Соёлын яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Захирагчийн ажлын албадаар боловсруулагдан, сайдууд, дэд сайдууд, холбогдох газрын дарга нараар батлагдсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэв.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын /2021.06.23/-ны өдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг өгсөн. Үүнээс хойш тус төслийн талаар төдийлөн анхаараагүй учир Өндөр дэнжийг өөрчлөх төлөвлөгөө цаасан дээр үлдэх вий гэх яриа иргэдийн дунд тархаад байсан юм. 

Энэ онд Баянгол дүүрэгт улсын төсвийн 71.8 тэрбумын хөрөнгөөр 53 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх санхүүжилтийг Х.Ганхуяг гишүүн батлуулж чадсан юм. Үүний нэг нь Гандантэгчэнлин хийд орчмыг Үндэсний соёл, аялал жуулчлалын бүс болгох төсөл байсан. Ийнхүү ТЭЗҮ боловсруулагдсанаар Ажлын даалгаврыг үндэслэн, гүйцэтгэгч шалгаруулах худалдан авах ажиллагааг Соёлын яам гардан гүйцэтгэнэ. ТЭЗҮ боловсруулагдаж дууссаны дараа дараагийн ажлуудыг шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.

1838 онд одоогийн Гандангийн дэнж, тэр үеийн Далхын дэнж дээр анхны сүм байгуулагдсанаар Улаанбаатар хот суурин болж оршин хөгжсөн түүхтэй билээ. Улаанбаатар хотын төвд орших Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийдийн бүс газрыг Соёл, аялал жуулчлалын бүс болгох, Дэлхийд өв соёл, түүхээ таниулан сурталчлах, тус хороонд оршин суух айл өрх, аж ахуй нэгжүүдийг инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг 2022 онд ийнхүү эхлүүлэх гэж буй нь сайшаалтай.

Гандантэгчэнлин хийд орчим нь 55.8 га талбайг хамрах бөгөөд тус хэсэгт 1642 өрхийн 5743 иргэн оршин сууж байна. Мөн 2538 барилга, байгууламж байрлах бөгөөд 174 аж ахуй нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, авто машины засвар, үйлчилгээ эрхэлдэг. Гадаадын жуулчдын хамгийн түрүүнд очиж сонирхдог газруудын нэг бол Гандантэгчилэн хийд юм. Жанрайсэг дуганыг сонирхож орсон жуулчдын тоо 2015 онд 25.000, 2018 онд 30.000, 2019 онд 32.000 болж жилээс жилд нэмэгдэж гэх албан тоо баримт бий.

Тус төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатайг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг онцлоод 2022 оны төсвийн тухай хууль батлагдсан цагаас эхлэн энэхүү асуудлыг удаа дараа хөндөж байсныг дурдах хэрэгтэй. Түүний идэвх санаачилгаар эл төсөл урагшилж буй. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Гадаадын жуулчдыг татаж, эдийн засгаа дэмжих ч нөгөөтэйгүүр нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх цэвэрхэн, тухтай таатай орчин бүрдэх зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.

Тэрээр хэлэхдээ Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчмын айл өрхийг Инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох зураг төсөв “УБ Дулаан сүлжээ” ТӨХК, Нийслэлийн онцгой байдлын газар, УБ Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иудаар зөвшилцлийн шатан дээрээ явж байна. Зураг төсөв эцэслэн батлагдсанаар Улсын төсвийн нийт 24 тэрбум төгрөгийн санхүүжилттэй дүнгээр айл өрхийг шугам сүлжээнд холбох ажлыг хийнэ" гэлээ.

Түүнчлэн 2022 оны улсын төсөв нь эдийн засгаа эрчимжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх замаар эрүүл мэнд, боловсрол зэрэг салбаруудыг хөгжүүлж иргэдийнхээ хувь хүний хөгжлийг дэмжих төсөв болсон гэж үзэж буйгаа тэрээр илэрхийлж байсан. 

ШИНЭ МЭДЭЭ