УИХ-ын ээлжит сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчийн квотыг 30-40 хувьд хүргэхийг уриалав
2022.09.01
Улстөр

УИХ-ын ээлжит сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчийн квотыг 30-40 хувьд хүргэхийг уриалав

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Илейн Конкиевичтэй өнөөдөр уулзлаа.

Талууд 2024 оныг хүртэлх хугацаанд сонгуулийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах бөгөөд жендэрийн мэдлэг олгох сургалт, танин мэдэхүйн гарын авлага, материалыг боловсруулах, шинэ залуу сонгогчдод зориулсан “Хариуцлагатай сонгогч” сургалтыг орон нутаг болон хотод зохион байгуулахаар төлөвлөсөн тухайгаа хэлэлцэв. Мөн “Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд анхны 62 сургагч багшийг бэлтгэн Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч-сургагч багшаар томилсон нь хамтын ажиллагааг үр дүнтэй эхлүүлэх сайн талтай гэж дүгнэлээ.

Төслийн хүрээнд Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхийг эрмэлзэж буйгаа НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч онцлоод 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчийн квотыг өсгөж, 30-40 хувьд хүргэхийг эрмэлзэж байгаагаа танилцууллаа. Сонгуулийн төв байгууллагын удирдлагуудыг үүнд хамтран ажиллахыг уриалж байна гээд төрийн захиргааны төв байгууллагын удирдлагууд жендэрийн талаарх өөрийн дуу хоолойг олон нийтэд хүргэх нь их нэмэртэй гэв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Хороо нь шударга, ардчилсан сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй, сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна гээд хамтын ажиллагаа чухал үр дүн авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, "Манай улсад сонгуулийн насны иргэдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг, тэдний оролцоо, идэвх эрэгтэйчүүдийнхээс илүү байдаг. Хорооны удирдлагын зүгээс жендэрийн тэгш байдал бий болгох талаар санал нэг байна" гэлээ. “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрөөр сургагч багшийн үндэсний  сүлжээг бий болгож ирэх 10 дугаар сараас эхлэн сонгуулийн насны иргэд, залууст сонгуулийн боловсролын сургалт явуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ