МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнгийн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо
2022.10.04
Улстөр

Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнгийн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.10.04) хуралдаан 10 цаг 15 минутад 58.8 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн”-гийн талаар Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонсох асуудлыг хэлэлцэв.

Тайланг танилцуулж Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат хэлэхдээ аудитын зорилго нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогыг хэрэгжүүлэхдээ хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжсэн эсэхэд дүгнэлт өгөх, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад чиглэсэн. Аудитын зорилтыг хангахын тулд нэгдүгээрт, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо хангагдсан эсэх, хоёрдугаарт төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгийн зарцуулалт үр ашигтай байгаа эсэх гэсэн хоёр дэд зорилтын хүрээнд аудитыг хийсэн гэв.

Тэрбээр мөн төрийн аудитын байгууллагаас аудитын үр дүнгээр хийсэн үндсэн дүгнэлтийг танилцуулахдаа, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо сул байгаа нь харилцан хамаарал бүхий байгууллагуудын ажлын чиг үүргийг тодорхой болгож, уялдуулах шаардлагатайг илэрхийлж байна.

Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөг тооцож, үнэлээгүй, үр дүн тодорхойгүй байна. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, оновчтой төлөвлөлт, шийдвэр гаргалтад хүндрэл учруулахаар байна.

Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтийг хэмжих, үнэлгээ, үр нөлөөг тооцох хяналтын нэгдсэн тогтолцоо хангалтгүй байгаа нь ажилгүйдлийг бууруулах халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын үнэ цэнийг бууруулж байна. Эдгээр дүгнэлтэд үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд 5, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад 5, Боловсрол, шинжлэх ухааны сайдад 1, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт 6 зөвлөмж, Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, хэлтэс, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд 235.3 сая төгрөгийн 7 төлбөрийн акт, 851.1 сая төгрөгийн 41 албан шаардлага, 180 зөвлөмжийг аудитаар өгч ажиллалаа гэв.

Үргэлжлүүлэн аудитын тайлангийн дэлгэрэнгүй танилцуулгыг Ерөнхий аудиторын аудит хариуцсан орлогч, тэргүүлэх аудитор Я.Сарансүх хийв. Тэрбээр, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо хангагдаагүй гэсэн дүгнэлтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын 2016 оны 320 дугаар тогтоолд заасны дагуу 2016-2020 онд бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг мөрдөөгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын зарим шалгуур үзүүлэлтийг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт харилцан уялдаагүй тусгасан, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн хэдий ч бодлогын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнээ хангаагүй, ажилгүйдлийн түвшин зорилтот түвшинд хүрээгүй, ахиц гараагүй, “Ковид-19” цар тахалтай холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын санд үүссэн 651.5 тэрбум төгрөгийн авлагыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үр нөлөөг тооцож үнэлээгүй, хөдөлмөр эрхлэлт хариуцсан төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг харилцан уялдаагүй, төсөл, хөтөлбөр боловсруулахад олон нийтийн оролцоог хангаагүй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бодитой судалгаанд үндэслэн тооцоолоогүй, ХЭҮЗ хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбарын гүйцэтгэлийн хэмжилт, дэмжлэгийн мөрөөр тавих хяналт, тайлагналын үнэлгээ, үр нөлөөг тооцох нэгдсэн тогтолцоо хангалтгүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бодит хэрэгцээ шаардлага, санхүүгийн тооцоололд үндэслэхгүйгээр төлөвлөн хэрэгжүүлж ирсэн, салбар хариуцсан яамны дотоод хяналт сул байгаа, төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, эргэн төлөлт хангалтгүй, хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсөж 12.7 тэрбум төгрөг болсон, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, үр нөлөөг тооцож үнэлээгүй, байнгын ажлын байраар хангагдсан хүний тоо тодорхойгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хангалтгүй, системийн ажиллагаа бүрэн бус, heds.axplorer.net цахим системд санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн регистрийн дугаар давхардсан, 643 гэрээний мэдээлэлд нэг ижил утасны дугаар 2-55 удаа бичигдсэн байна.

Аудитын зөвлөмжийн биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ирүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгасан хэмээн танилцуулав.

Гүйцэтгэлийн аудитын тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, М.Оюунчимэг, Т.Аубакир, Ч.Ундрам, П.Анужин, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа, Ц.Туваан, Б.Баярсайхан, Ц.Идэрбат, Д.Батлут, С.Ганбаатар нар Үндэсний аудитын газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа.

Түүнчлэн, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан журмыг мөрдөж, урт, дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан төлөвлөж, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан, хүрэн түвшин, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, салбар хоорондын уялдааг хангах замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжилтнийг бэлтгэх, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж буй оюутны дадлагыг ажил олгогчийг дагалдуулан суралцуулж бэлтгэх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн түүхийг цахим платформд шилжүүлэх ажлыг 2023 оны дотор зохион байгуулах гэсэн тодорхой чиглэлийг салбарын яаманд өгч буйгаа мэдэгдсэнээр хуралдаан өндөрлөв

ШИНЭ МЭДЭЭ