МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн тайланг сонслоо
2022.10.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн тайланг сонслоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.10.11) хуралдаан 09 цаг 25 минутад 56.2 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцлээ.

“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Хуралдааны эхэнд “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул тогтоолын төслийн хүрээнд тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг чөлөөлөх талаар санал хураалт явуулахад гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

“Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонслоо

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр Байнгын хорооны дарга П.Анужин, Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлсэн бөгөөд Улсын Их Хурал Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж Байнгын хорооноос баталсан тус тогтоолын хэрэгжилтийн явцын тайланг сонсож буй талаар танилцууллаа.

Байнгын хорооны 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар танилцуулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр танилцуулгадаа Байнгын хорооны тогтоолоор чиглэл өгсөн 11 асуудлын ес нь тус яамны чиг үүрэгт хамааралтайг дурдав. Тэрбээр Байнгын хорооны тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдах 17 хуулийн төслийн хамт боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн боловч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотой яамдаас дахин санал авч, хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Улсын Хэмжээнд 2021 онд “Ахмадын сан” байгуулсан 3534 аж ахуйн нэгж, байгууллага байсан бол 2022 оны жилийн эцэст өмнөх оноос 500-аас доошгүй тоогоор нэмэгдүүлэх зорилт тавьсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс 2022 онд Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 6.9 тэрбум төгрөгийн төсвийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тусган хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2022 оны 8 дугаар сарын байдлаар 1280 ахмад мэргэжилтэн хамрагдаж, 3.9 тэрбум төгрөг зарцуулж, 1319 ажлын байр бий болсон.

Улсын хэмжээнд ахмадын ордон, өргөө, төв, танхим зэрэг нийт 441 газар үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн халамжийн салбарыг цахимжуулах зорилтын хүрээнд “Насны хишиг”, Эхийн алдар одонгийн мөнгөн тэтгэмж, ахмад настны халамжийн тэтгэвэр, байнгын асаргааны тэтгэмж, амралт сувиллын үйлчилгээ, ганц бие ахмад настан, хүндэт донор ахмад настны түлш худалдан авах, орон сууцны дэмжлэг үзүүлэх мөнгөн тусламж зэрэг ахмад настанд үзүүлдэг үйлчилгээнүүд бүрэн цахимжсан зэргээр Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн ажлын явцын талаар танилцууллаа.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний явцаас танилцуулахдаа Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд тусгагдсан Геронтологийн үндэсний төвийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт тусгаж, 2025 онд ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж буйг дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Ц.Туваан, Ц.Идэрбат нар холбогдох яамдын албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авсан.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир уурхай түшиглэн үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн дөрвөн амралт сувилал байдаг ч тэнд амарч, сувилуулсан ахмадуудад 50 хувийн хөнгөлөлт эдлүүлэхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирж байна. Гайгүй чанартай үйлчилгээтэй сувиллуудыг хөнгөлөлтөд хамруулахыг маш олон ахмад хүлээж байна гээд яагаад үүнд зохицуулалт хийж болохгүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хөнгөлөлттэй үнэтэй эм ахмад настнуудад маш том дэмжлэг болдог, тогтолцооны хувьд ард иргэдэд хүрсэн сайн үйлчилгээ болсон байсан. Гэтэл үүнд өөрчлөлт орж, хүнд хүрэхээ болилоо.

Ахмадууд хөнгөлөлттэй эмэнд маш их сэтгэл дундуур байна. Хөнгөлөлтийн хувийг бууруулснаас гадна эмээ бичүүлэхэд ч төвөгтэй, чирэгдэлтэй болсон. Ард иргэдээ сонсож, ажиллаж болдоггүй юм уу гэсэн асуулт асууж, хариулт авав. Ц.Сандаг-Очир гишүүний асуултад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяр хариулахдаа уул уурхай түшиглэсэн нэр бүхий дөрвөн амралт сувилал нь хуулийн зохицуулалтын дагуу рашаан сувилал гэсэн ангилалд багтдаггүй учир хөнгөлөлт олгох боломжгүй байдаг талаар хэлэв. Хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сандаг-Очир нэмж тодруулахдаа сайн ажлаа мэдээлэхээс гадна хуулийн ямар заалтаас болж иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна, түүнийг өөрчлөх талаар ч давхар танилцуулж байх шаардлагатай талаар саналаа хэллээ.

Ж.Чинбүрэн гишүүний асуултад Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Өрхийн эмнэлгийн эмч нарын бичиж байсан хөнгөлөлттэй үнэтэй зарим эмийг лавлагаа шатны эмнэлгүүдийн эмч бичихээр салбарын сайд тушаал гаргасан нь мэргэжлийн эмч нарын хяналтан дор, мөн эмийн зохисгүй, хяналтгүй хэрэглээнээс сэргийлсэнтэй холбоотой гэлээ. Хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нэмж тодруулахдаа хөнгөлөлттэй үнэтэй эмийн асуудалд тогтолцооны өөрчлөлт яаралтай хийж, иргэдэд хурдан шуурхай үйлчилдэг болох шаардлагатай талаар санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Монгол Улсын 2023 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед Байнгын хорооны тогтоолоор чиглэл болгосон зарим асуудал ажил болж чадаагүй байна. Геронтологийн үндэсний төвийн барилга барих санхүүжилтийг 2023 оны төсөвт нэгмөр суулгах асуудлыг эцэслэх талаар саналаа хэлэхийн зэрэгцээ ахмадуудад чиглэсэн халамжийн үйлчилгээ үнэхээр зорилтот хүмүүст хүрдэг эсэх, эсвэл хорооны дарга, хэсгийн ахлагчийн үзэмжээр шийдэгдэж байна уу гэдэгт ямар хяналт байгааг тодруулав. Мөн ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний хүрээнд хэдэн ахмадыг ажлын байраар хангасныг тодруулж, хариулт авлаа.

Гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр Байнгын хорооны дарга П.Анужин, ажил хариуцаж буй албан тушаалтнуудын хариулт, мэдээлэл нь хөрсөн дээр байгаатайгаа үнэхээр нийцэж байна уу гэдэгт дүгнэлт хийн, сайтар судалсан тооцоо, судалгаатай, үнэн бодит мэдээлэл өгч байхыг анхааруулав.

Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл нар үг хэллээ. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин “Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг дахин сонсохыг чиглэл болгосноор хуралдаан өндөрлөв

ШИНЭ МЭДЭЭ