Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуулийн төслийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав, Танилцуулгадаа, Хөдөлмөрийн зах зээлд цахим технологийн дэвшлүүд хурдтай нэвтэрч, ажлын байрны ур чадвар гарсан өөрчлөлтүүд, үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж хувьсан өөрчлөгдөж байгаатай уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоонд шинэчлэл хийхийг зүй ёсоор шаардаж байна.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, ажлын байранд 2022 онд хийсэн шинжилгээгээр төгсөгчдийн 30 хувь нь өөрийн ажлын байрны шаардлагаас өндөр ур чадвартай, эсвэл ур чадвараар дутмаг гэж үзсэн нь хөдөлмөрийн зах зээл дээр босоо чиглэлд ур чадварын нийцэлгүй байгааг харуулж байна. Ажлын байрны босоо болон хэвтээ чиглэлд ур чадварын нийцэлгүй төгсөгчдийн эзлэх хувь төгсөөд нэг жилийн дараа 46 хувь, төгсөөд гурван жил болсоны дараа ч өндөр хэвээр байна (40 хувь) гэж дүгнэсэн байна.
2022 онд баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэд бүтцийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх асуудал бидний нэн тэргүүний зорилт болж байна.
Салбарын анхны бие даасан хуулийг 2002 онд Монгол Улсын Их Хурлаар батлуулж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тухайн үеийн хөгжлийн бодлого, стратегитэй уялдуулан тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд томоохон бүтээн байгуулалт, үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ хотхон, дадлагын бааз байгуулж, санхүүгийн бие даасан байдлыг хангах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн.
Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийн тандан судалгаагаар тодорхойлсон хэрэгцээ, шаардлагад үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг, 33 зүйлтэй боловсрууллаа.
Энэ удаагийн хуулийн шинэчлэлээр хуулийн нэрийг өөрчилсөн нь БНСУ-ын Сөүл хотноо 1999 онд болсон мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын олон улсын чуулганаар ажлын байранд шаардагдах боловсрол, ур чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагааг бүхэлд нь (ТМБС-Technical and Vocational education and training) хэмээн нэрлэх нь зүйтэй гэж зөвшилцсөнтэй холбоотой юм. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах шинэчилсэн зохицуулалтыг Боловсролын ерөнхий болон дагалдах хуулийн төсөлтэй нийцүүлэн тусгалаа.
Үүнд:
Хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжил, үйлдвэржилт, бүсчилсэн хөгжилтэй уялдуулан сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, цогцолбор, хотхон (кампус), салбар дундын дадлагын бааз хэлбэрээр хөгжүүлж, иргэнд гадаад, дотоодын сургалт, үйлдвэрлэл, амьдралын орчноос олж авсан мэдлэг, ур чадварын түвшинг үнэлж, баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Ажил, мэргэжлийн стандарт, мэргэшлийн түвшинд нийцүүлэн сургалтын байгууллага хөтөлбөрөө тасралтгүй сайжруулах, шатлан суралцах, хосмог, ажлын байран дээрх, сургуульд суурилсан сургалтын олон хувилбарт хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг олгоно.
Мэргэжлийн боловсрол, сургалтын 2.5 жилийн сургалтыг 3 жил болгох. Ингэснээр 18 насанд хүрсэн, мэргэжлийн болон бүрэн дунд боловсролын агуулгыг бүрэн эзэмшсэн төгсөгч ажлын байранд гарах боломжийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд ажил мэргэжлийн стандартаар тодорхойлсон шаардлагад нийцсэн, мэргэжлийн зөөлөн, хатуу ур чадварыг бүрэн эзэмшсэн Монгол хүнийг ажлын байранд нийлүүлэх боломж бүрдэнэ.
Мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний багтаамж, эрэлттэй уялдуулан сургалтыг илүү уян хатан байдлаар зохион байгуулах, сургалт эхлэх, дуусах хугацааг харилцан адилгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвартай төгсөгчийг бэлтгэх, ажилтны эзэмшсэн ур чадварын үнэлэмжийг сайжруулах зорилгоор ажлын байран дахь сургалтын олон хэлбэрүүдийг бий болгоно. Иргэд өөрийн хэрэгцээ, туршлагад суурилан албан бус боловсрол, нийгэм, амьдралын орчинд бие даан эзэмшсэн мэргэжлийн ур чадвар, чадамжаа хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулах боломжтой болох юм.
Боловсролын салбар дахь байгууллага хоорондын чиг үүргийн давхардлыг хянан, үйл ажиллагааны уялдааг нарийвчлан тусгалаа. Тухайлбал, салангад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын үнэлгээний байгууллагуудыг нэгтгэх, чиг үүргийн давхардлыг арилгаж, уялдааг сайжруулна.
Багш, хүний нөөцийн хөгжлийг боловсролын нэгдсэн тогтолцоонд хамтад нь хөгжүүлэх, багш өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээлийн орлогоос хувь ногдол, ашиг хүртэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхдээ гурван талт гэрээ байгуулж, өөрийн ажлын гүйцэтгэлд тохирсон цалин хөлс авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдсан орчин нөхцөлд суралцах, хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр, сургалтын орчны болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгав.
Удирдах зөвлөл болон захирлын эрх, үүргийг нэмэгдүүлж, сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлого олох боломжийг бүрдүүлж, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүжүүлнэ.
Нийгмийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага нь сургалтын стандарт, хөтөлбөрийг хамтран боловсруулах, төгсөлтийн үнэлгээнд оролцох, үйлдвэрлэлийн дадлагыг хамтран зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангахад чиглэсэн зохицуулалтуудыг бүрэн тусгалаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.
Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, Монгол Улсын хөгжлийн хэрэгцээ, эдийн засгийн өсөлтөд мэргэжилтэй ажилтны оруулах хувь нэмэр өндөрөөр үнэлэгдэх боломж бүрдэнэ. Түүнчлэн Монгол Улсад насан туршийн суралцахуйд суурилсан, боловсролын түвшин хоорондын уялдааг хангасан, шаталсан сургалтын уян хатан зохион байгуулалт бүхий зөв тогтолцоо бий болно гэлээ.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Н.Учрал нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.
Үргэлжлүүлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.