МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.21
Улстөр

Б.Жаргалмаа: Хүүхэд хамгааллын салбарт анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.21\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцууллаа.

Эл асуудлаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Н.Учрал гишүүний хэлсэнчлэн нийгмийн даатгалын багц хууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, саадгүй байдал хүртээмжийн тухай хууль гээд олон хууль энэ салбарт хүлээгдэж байгаа. Энэ хуулийн хүрээнд ажил, амьдралаа шинэчлэх, өөрчлөх нийгэм дэх оролцоогоо нэмэгдүүлэх боломжоо хүлээж байгаа олон мянган иргэд байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх цаг мөчид Т.Аюурсайхан гишүүн сайдаар томилогдож байна.

Өнөөдөр төсөв яригдаж байна. ХНХЯ-ны сайдын төсөв хүндхэн орж ирснийг бид харж байгаа. УИХ дахь эмэгтэй гишүүд хүүхдийн эрхийн талаар, хүүхэд хамгааллын төсвийн асуудалд онцгойлон чиглэл өгч байгааг хүлээж аваасай гэж хүсэж байна. Хүүхэд хамгааллын багц 2.7 тэрбумаар хасагдаж орж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн төсөв мөн хасагдаж орж ирсэн. Хүн амын 37.3%-ийг эзэлж буй 0-18 хүртэлх насны хүүхдүүдийн асуудал ямар хэмжээнд байгаа билээ.

Бид дөмөгхөн төсөвтэйгөөр хүүхэд хамгааллын чиглэлд овоо ажил хийж эхэлж байсан боловч дахиад төсөв хасагдсан. Өнчин хүүхдүүдийн асуудал орхигдож байна. "Өнөр бүл" төв төсөвгүй болж байна. Хүүхдүүд рүү чиглэсэн төрийн бус байгууллагуудын асуудал дахиад гээгдэх нөхцөл үүсэж байгаа юм. Энэ бүхэн урсгал зардлаар шийдвэрлэгдэх зүйл биш гэдгийг онцлон хэлье. Таныг хүнд цагт төсөв багатай байгаа энэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүүхэд хамгааллын чиглэлд онцгойлон анхаараарай гэж хүсэж байна.

ШИНЭ МЭДЭЭ