Оюутны дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн баг тамирчдыг шагнаж, урамшуулав
2022.11.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Оюутны дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн баг тамирчдыг шагнаж, урамшуулав

Турк улсын Истанбул хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Оюутны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болоход С.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг хүрэл медаль хүртсэн. Энэ нь Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн спортын түүхэнд анхдагч амжилт юм.

Энэхүү түүхэн амжилт байгуулсан багийн дасгалжуулагч, тамирчдад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн  биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүндэтгэл үзүүлж, шагнал гардууллаа. Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр О.Хуланг шагнасан бол Жуух бичгээр Б.Энхтуул, Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг нарыг шагналаа. Тэд "Рояаль академи" Олон улсын их сургуульд суралцдаг юм.

Арга хэмжээний үеэр Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Биеийн тамир, спорт бол амжилт гаргахаас гадна нийт иргэдийн идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгох, эрүүл аж төрөхийн салшгүй хэсэг юм.
Тэр тусмаа харилцаа, хандлага маш чухал. Тамирчид маань нийгэмд сахилга бат, үлгэр дуурайлал, ёс зүйтэй байдлаараа манлайлах хэрэгтэй” хэмээн онцлов.

Харин БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан “Монголын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр дэлхийн төвшинд хүрсэнийг илтгэх нэг амжилт нь Оюутны дэлхийн цомын тэмцээний хүрэл медаль.

Энэ амжилтаас Монголын сагсчид “Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авах, цаашлаад олимпын наадмын медалийн төлөө өрсөлдөх бололцоотой гэж харж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс 3х3 төрлийг дэмжихдээ тамирчин, дасгалжуулагчийн цалин, бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл, тэмцээн уралдаанд оролцох зардлыг шийдвэрлэж байгаа” хэмээн тэмдэглэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ