МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрханчууд хөдөлмөрийн үр шимээ олон нийтэд нээлттэй тайлагнаж байна
2022.11.23
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрханчууд хөдөлмөрийн үр шимээ олон нийтэд нээлттэй тайлагнаж байна

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2022 онд хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээгээ иргдэд нээлттэй тайлагнах өдөрлөгийг өнөөдөр /2022.11.23/ “Мишээл” ОУХТ-д зохион байгууллаа.

Тус өдөрлөгт төрийн байгууллагуудын төлөөлөл болон Сонгинохайрхан дүүрэгт ажил, хөдөлмөр эрхлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн дэлгэж оролцсон юм.

Мөн нэр бүхий байгууллагуудаас зарласан 500 гаруй нээлттэй ажлын байрны зарыг хүргэн, иргэн бүрт хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ.

Сонгинохайрхан дүүрэг 2022 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан.

Энэ хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх хэд, хэдэн томоохон хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүлжээ. Үүнийхээ өнөөдрийн үр дүнг олон нийтэд нээлттэй тайлагнан үзүүлэв.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдсан “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаа өргөжин одоогийн байдлаар 47 иргэнийг байнгын ажлын байраар хангажээ. Цаашид дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэйгээ хамтран олон төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх аж.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт 2022 онд улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалтын ажлууд хийсэн бөгөөд үүнийг тойрсон ажлын байрууд олноор нэмэгдэн иргэдийн амжиргааны түвшинд тодорхой дэмжлэг болсон гэдэгт итгэлтэй байна гэдгийг СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай онцлов. 

Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс энэ жил нийт 2000 иргэнийг ажлын байранд зуучлан оруулсан.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийт долоон хөтөлбөр 28 арга хэмжээг хэрэгжүүлж нийт 6384 иргэнийг хамруулжээ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжиж эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулсан байна.

Монгол улсын засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан  “ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ “ОРОЛЦОО” төсөлд 18-34 насны 105 залуусыг хамруулж, 90 залуу ажлын байранд дадлага хийснээс 65 залуу байнгын ажлын байранд орсон үр дүнг үзүүлээд байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ