МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Зүүнбаян-Ханги" чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орлоо
2022.11.25
Зам, Тээвэр

"Зүүнбаян-Ханги" чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй хоёр дахь том төсөл Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эхлүүлж өнөөдөр /2022.11.25/ албан ёсоор ашиглалтад орууллаа.

Ингэснээр Хятадын нарийн болон өргөн царигийн төмөр замтай хоёр улсын хилээр холбогдоход Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам бүрэн бэлтгэгдэж хоёр улсын төмөр замын хэлэлцээрийн хүрээнд хил холболт шийдэгдэх хэмжээнд дэд бүтцийн иж бүрэн бүтээн байгуулалт дуусаж байна.

Тус төмөр зам нь гол замын ачааллыг 2 дахин бууруулж Монгол Улсын транзит, экспорт, импортын бүхий л ачааг нэмэгдүүлэх бололцоог нээж өгч буйгаараа давхар ач холбогдолтой юм.

Ханги Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонн, цаашид 30-35 сая тонн болж өсөх боломжтой.

Ханги Мандалын төмөр зам ашиглалтад орсноор Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүсэд буй ашигт малтмалын ордуудын үнэлэмж өсөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэж байна.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, Шинэ зууныг эхлүүлсэн, Шинэ сэргэлтийн ган замыг бүтээн байгуулсан хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн ард иргэдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ