2022.12.01

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Орон нутгийн өмч, Төрийн өмч хоёрын ялгаа алга болох заалт тусгагдсаныг байнгын хороогоор ярьсан уу

УИХ-ын нэгдсэн чуулганы /2022.12.01/ өдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Өргөн барьсан хуулийн төлсийн 8.1.4-т ус хангамж, ариутгах, татуургын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуй нэгж байгууллагын удирдлагад тухайн чиглэлээр мэргэшсэн хүний хот суурины усан хангамж, ариутгах, татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн томилж чөлөөлөх гэсэн заалт нэмэх гэж байгаа юм.

Гэтэл энэ заалт нь өөрөө зөрчилтэй байна. Учир нь орон нутгийн өмчит компанийн удирдлагыг төрийн захиргааны төв байгууллагын даргын саналаар томилох буюу орон нутгийн өмч, төрийн өмчийн зааг ялгаа байхгүй асуудал үүсэж байгаа юм.

Засгийн газраас өмчийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ дээр төрийн өмч болон орон нутгийн өмчийн асуудлыг нэлээн зааглаж буй. Тэр дундаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдөж байгаа. Өмчийг төрийн болон орон нутгийн өмч гэж ялгаж байгаагийн гол агуулга юун дээр гарах вэ гэхээр орон нутгийн өмчийн асуудалд төв Засгийн газар оролцохгүй. Төв Засгийн газрын асуудал буюу төрийн өмч дээр орон нутгийн удирдлага оролцохгүй. Үүгээр өмчийг ялгаж буй эрх зүйн үр дагавар гарч ирнэ.

Энэ хуульд орон нутгийн өмчит компаниудын удирдлагыг төв Засгийн газар буюу БХБ-ын сайд мэдээд эхэлчихвэл орон нутгийн өмч гэж байхын утга агуулга юу билээ. Тиймээс энэ асуудал байнгын хороогоор ярьсан уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ