МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Зөвшөөрлийн хууль бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ
2023.01.03
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: Зөвшөөрлийн хууль бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Зөвшөөрлийн хууль ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ямар, ямар үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болох вэ?

-Улсын Их Хурал 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахтай холбоотой нийт 362 тусгай болон энгийн зөвшөөрлийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуульд нэрлэн заасан 362 төрлийн зөвшөөрлөөс бусдыг холбогдох стандартын дагуу чөлөөтэй эрхэлж болно. Тухайлбал, иргэн үйлчилгээний зориулалтаар хүнсний дэлгүүр эсвэл ресторан, хоолны газар ажиллуулахаар бол зөвшөөрөл авах шаардлагагүй. Стандартын дагуу шууд үйл ажиллагаа явуулж болох боломжтой.

-Энэ хуулийн нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг өөрчлөлтүүдийг та хэрхэн харж байна вэ?

-Иргэдийн амьдрал амьжиргаанд шууд нөлөөлөх үр дүн гэвэл төрийн хүнд суртал, дарамт шахалт арилж үйл ажиллагаа эрхлэхэд ямар нэг саад бэрхшээлгүй чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Жишээлбэл, иргэн ямар нэг үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл хүсэхэд олон төрлийн бичиг баримт шаарддаг, тодорхой мэдээлэл өгөх хэмжээнд ойлгомжтой ойлголт өгдөггүй.

Олон төрлийн бичиг баримт шаардаж залхаан цээрлүүлэх маягтай хүнд суртал их байснаас авлига газар авсан. Тиймээс одоо шинээр мөрдөх хуулийн хүрээнд маш хурдан хугацаанд зөвшөөрөл олгохоор тусгасан.

Хуулийн шинэчлэлээр иргэд зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаас эхлээд шийдвэрлэгдэх хүртэл бүх процессыг цахимаар зохицуулах боломж бүрдсэн. Ингэснээр зөвшөөрөлтэй холбоотой бүхий л харилцаа иргэдэд ил тод нээлттэй болж байгаа. Энэ нь иргэдийн цаг зав, зардал мөнгийг хэмнэхээс эхлээд, зөвшөөрөл авах гэж төрийн албан хаагчдын ая талыг харж, явдал чирэгдэл болохгүй амар хялбараар асуудлаа шийдэх боломжтой. Эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөлтэй холбоотой нэгдсэн мэдээллийн сан болох license.mn цахим сайтыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ажиллуулж эхэлнэ.

Зөвшөөрлийн хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд бэлтгэж байх үед албан бус тоогоор манай улс 1600 гаруй зөвшөөрөл олгодог гэх судалгаа гарсан. Шинэчилсэн хуулиар энэ тоог тав дахин бууруулах буюу 1200 гаруй төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхлэх боломжтой болж байгаа. Өөрөөр бол зөвшөөрлийн тоо тав дахин буурсны хэрээр иргэд тэр хэмжээний үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, ажлын байр нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэн урт хугацаанд эдийн засгийг тэлэх ач холбогдолтой.

-Төрөөс олгох зөвшөөрлийн тоо багассанаар авлига хээл хахууль, хүнд суртал буурна гэж байсан?

-Зөвшөөрлийн хуулийн шинэчлэлээр авлига эрс буурна гэж харж байгаа. Учир нь хуучин 1600 гаруй төрлийн зөвшөөрөл бараг бүгд цаанаа тогтсон үнэ ханштай болсон байсан. Жишээлбэл, архи, согтууруулах ундааны зөвшөөрөл авахын тулд эрх бүхий албан тушаалтанд өгөх авлигын доод ханш таван саяас эхэлж байна гэдэг гомдол их ирсэн. Өөр нэг жишээ дурдахад “хортон шавж устгах бодис импортлох зөвшөөрөл хөөцөлдөж байсан иргэнээс төрийн байгууллагын холбогдох мэргэжилтэн урьдчилгаа 10 сая төгрөгийн хахууль нэхсэн” гэх гомдол гарч байв. Энэ мэтчилэн зөвшөөрөл өгч байгаа эрх мэдэлтний гарын үсэг болгон тодорхой үнэ ханштай байсан нь манай улсад авлига цэцэглэх нэг шалтгаан болоод байсан. Одоо зөвшөөрөл олгох бүх процесс цахимжиж байгаагийн хэрээр хүний оролцоо багасаж нээлттэй ил тод байх хэрээр авлига өгөх, авах боломжгүй болно гэсэн үг.

-Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэд хоногт, хэрхэн шийдвэрлэдэг болж байгаа вэ?

-Тусгай зөвшөөрлийг 30 хоног, энгийн зөвшөөрлийг 21 хоногийн дотор шийдвэрлэдэг байхаар хуульд тусгасан. Үүнийг энэ хугацаанд явагдах бүхий л ажиллагааг цахимаар явуулна. Хэрвээ хуулийн хугацаанд шийдвэрлээгүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцож, хугацаанд хариу өгөөгүй албан тушаалтанд хуулийн хариуцлага оногдуулах зохицуулалтыг хуульчилсан.

-Зөвшөөрөл хүссэн иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ. Зөвшөөрлийн хугацааг хэрхэн сунгах бол?

-Хуулиар байгаль орчин, банк санхүү, уул уурхай гэх мэт 12-13 чиглэлийн энгийн болон тусгай зөвшөөрөл туссан. Энэ чиглэлийн зөвшөөрөл тус бүрдээ өөр өөрийн онцлог, нийгэм эдийн засаг, хүний амь нас эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллөөс шалтгаан тавигдах шаардлага харилцан адилгүй. Тухайн үйл ажиллагаа хэр хэмжээний эрсдэл дагуулах магадлалтай байна, тэр хэрээр шалгуур шаардлага нэмэгдэнэ.

Харин зөвшөөрлийн хугацааг сунгахдаа хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж үйл ажиллагаагаа явуулсан бол тухайн үйл ажиллагааны хугацааг анх олгосон хугацаагаар сунгах, түүнээс гадна татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлэхээр хуульчилсан. Бас нэгэн онцлог зохицуулалт бол зөвшөөрөл эзэмшигчид тухайн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө сунгуулах талаарх мэдээллийг цахимаар мэдэгдэж байх, үүний дагуу зөвшөөрөл эзэмшигч хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө сунгуулах өргөдлийг эрх бүхий этгээдэд гаргах зохицуулалтыг тусгаад байна. Ингэснээр тухайн зөвшөөрлийг олгодог эрх бүхий этгээдийн хувьд ч, зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ч хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлнэ, мэдээж сунгуулах хугацааг мэдэгдсээр байтал хуулийн хугацаанд өргөдлөө гаргаагүй бол хуулийн дагуу шийдвэрлэх нь зөв.

-Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд 89 хуульд өөрчлөлт оруулж байж энэ хууль хүчин төгөлдөр үйлчилнэ гэл үү. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-89 хуулийг заавал өөрчилж байж Зөвшөөрлийн хууль хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн зүйл байхгүй. Гэхдээ улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа 160 гаруй хууль зөвшөөрлийн харилцааг тодорхой хэмжээнд их багаар зохицуулж байгаа. Зөвшөөрлийн хуулийн шинэчлэлд аливаа харилцааг журмаар зохицуулахыг хориглосон. Уг зохицуулалттай холбоотой журмаар зохицуулагдаж байсан харилцааг хуульчлахын тулд дээрх 89 хууль дагалдан орж ирж байгаа.

-Зөвшөөрлийн тухай хуулийн зарим заалт Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуультай давхардаж байгааг гишүүд сануулж байсан. Яаж зохицуулах вэ?

-Зөвшөөрлийн тухай хууль таны дурдсан хуулиудтай давхардсан зүйл байхгүй. Энэ хуулийн гол концепци нь зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл, газрын тухай хууль дээр газар эзэмших ашиглах зөвшөөрөлтэй холбогдох харилцааг зохицуулсан байвал газрын тухай хуулиа баримтална. Хуулийг хэрэглэх хэн бүхэн энэ хуулийн үзэл баримтлалтыг сайтар ойлгож хэрэглэх нь зөв байх.

-Зөвшөөрлийн хуулиар хуулиар бизнесийнхний эрх тэгш өрсөлдөх боломжийг яаж олгож байгаа вэ. Жишээлбэл, Монголын эмийн зах зээлд дөрөвхөн компани монополь байдаг. Үүнтэй холбоотой зарим зөвшөөрлийг арилгаснаар жижиг, аж ахуйн нэгжүүдэд боломж олдох уу?

-Хууль хэн бүхэнд тэгш үйлчлэх зарчимтай. Энэ хууль төр талдаа чиглэсэн хууль гэхээс илүүтэй иргэн аж ахуйн нэгжид бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль юм. Тэгш өрсөлдөх боломжийн хувьд бол жишээ татахад хуульд орсон нэг томоохон өөрчлөлт нь Төрийн нийтийн өмч, байгалийн баялгийг ашиглахтай холбоотой зөвшөөрлийг шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан дуудлага худалдаа, эсвэл сонгон шалгаруулалтаар явуулахаар хуульчилсан.

-Өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд танигдсан биологийн идэвхт, хүсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэхэд манайх нэлээд зөвшөөрөл нэхдэг. Тухайн улсынхаа чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэхэд тэр олон шат дамжлага зөвшөөрөл хүндрэл учруулдаг гэж бизнесийхэн бухимддаг. Энэ хуулиар үүнтэй холбоотой зөвшөөрлүүдийг цуцалсан уу?

-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хуулиар биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй болгож байгаа. Өөрөөр хэлбэл, витаминыг оруулж ирэхэд зөвшөөрөл авдаг байсан бол энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр чөлөөтэй оруулж ирэх боломжийг нээж байна.

ШИНЭ МЭДЭЭ