Хуульзүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүллээ
2023.01.11
Улстөр

Хуульзүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүллээ

 Хуульзүйн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар гишүүн Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдсон. Иймд Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс Б.Энхбаяр гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг тэрбээр танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нь 1994 онд Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш, 2000-2001 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2001-2002 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.

Эл санал болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тэд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, олон нийтийн хуульд итгэх итгэл, төрд итгэх итгэлийг сэргээхэд хуульчийнхаа хувиар, ард түмний төлөөллийн хувьд манлайлал үзүүлж ажиллахыг хүссэн. Байнгын хорооны даргаар ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үйл ажиллагаагаа зохион байгуулахыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат захив.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Хүний эрхийн дэд хорооны даргын асуудлыг мөн ойрын хугацаанд шийдвэрлэж, агаар, орчны бохирдлоос үүдэн иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа асуудлыг хэлэлцэх шаардлагатайг сануулсан. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүн санал нэгтэйгээр Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ