МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: ЭТТ ногдол ашгаа шаталсан байдлаар тарааж болно
2023.02.06
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: ЭТТ ногдол ашгаа шаталсан байдлаар тарааж болно

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг та ахалж байгаа. Цаашдаа аялал жуулчлалын салбарын либералчлалыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин ямар байх ёстой юм бол?

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь жуулчдын тоог нэмэх юм. Аялал жуулчлалын салбар эдийн засагт, экспортод чухал нөлөөтэй. 2019 оны байдлаар уг салбараас 200 сая ам.доллар дотоодын эдийн засагт оруулсан. Цаашдаа жуулчдын тоог нэмэгдүүлье гэвэл техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Бусад оронд иргэний агаарын тээврийн компаниуд аялал жуулчлалын компаниудтай хамтран ажилладаг юм билээ.

Жишээ нь, гадаадын болон дотоодын аяллын компаниуд авчирч буй хүний тоогоос хамаараад тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг. Үүнээс гадна дотоодын нислэгийг НӨАТ-ын татвараас чөлөөлөх нь зөв. Манайд төмөр зам, такси, орон нутгийн автобус НӨАТ-гүй. НӨАТ-гүй болгож байж иргэд дотоодын компаниар үйлчлүүлдэг болох, жуулчдыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг.

Иргэний агаарын тээвэрт дээрх ажлыг хийх шаардлагатай. Хоёрдугаарт, нийтийн эрх зүйн этгээд гэж байгуулаад оролцогч нарыг нэг холбоо болгохоор зорин ажиллаж байна. Түүн дотроо мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг хөндөнө. Аялал жуулчлалыг дэмжих санг яамтай хамтран удирдаж зохион байгуулна гэсэн үг. Аялал жуулчлалыг дэмжих сан гурван төрлийн орлогоос бүрдэнэ. Нэгд, казиногийн орлогын таван хувь, бооцоот морин тойруулгын таван хувь, навигацийн орлогын 20 хувиас бүрдэнэ.

Энэ санг хувийн хэвшил төртэй хамтарч удирдана. Иргэний агаарын тээврийн хөнгөлөлтөөс гадна уг сангаар аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгоход зарцуулна. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний мөнгийг аялал жуулчлалын эвент хийхэд зарцуулна. Жишээ нь наадам бол жуулчдын анхаарлыг маш их татдаг. Энэ үеэр буудал, онгоцны билет олддоггүй. Тиймээс нүүдэлчдийн наадам эсвэл даншиг наадмын эвентүүдийг санхүүжүүлж, жуулчдыг татаж яагаад болохгүй гэж.

-Онгоцны тийзийг НӨАТ-гүй болгохыг хуулиар хэрхэн яаж зохицуулах вэ?

-Татварын хуульд өөрчлөлт оруулах ёстой.  Нэмүү өртгийн албан татварт зохицуулалт оруулах шаардлагатай

-Жуулчдын сонирхлыг бид яаж татах юм?

-Наадам бол гадаадын жуулчдыг татдаг эвент. Энд ирсэн хүмүүсээс хэрхэн яаж мөнгө авч үлдэх нь хоёрдах зорилт. Казиногийн хуулийн төсөл, морин тойруулгын хуулийн төслийг яагаад оруулсан бэ гэхээр, гадаадын жуулчдаас улсдаа мөнгийг нь авч үлдэх зорилготой юм. Монгол Улс өнөөдрийн байдлаар 200 сая ам.доллар аялал жуулчлалаас олж байна. Бид үүнийг тэрбумд ам.долларт хүргэх хэрэгтэй.

-“Эрдэнэс-Тавантолгой” /ЭТТ/ компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах нь зөв үү?

-Тараах ёстой гэж боддог. Миний бие УИХ-ын тогтоолын төслийг санал гаргаж оруулсан. Цэвэр ашгаас тараах ёстой. Мөнгө хэвлэх биш, цэвэр ашгаас тараана гэсэн үг.

-Бэлэн мөнгө тарааснаар инфляцид нөлөөлнө гэж эдийн засагчид шүүмжилж байгаа шүү дээ. Энэ эрсдэлээ хэрхэн тооцсон юм бэ? 

Инфляци юун дээр үүсэх үү гэхээр, нэгэн зэрэг цагаан сарын өмнө бөөнд нь тараавал инфляци үүснэ. Магадгүй шатлалтайгаар цагаан сарын өмнө ахмадуудад, тэгээд хүүхэд, залуус гэдэг ч юм уу хуваагаад тараавал үнийн өсөлтөд нөлөөлөхгүй.

-ЭТТ компани өртэй учраас 1072 хувьцааны ногдол ашгийг тараах боломгүй гэдэг тайлбарыг хэлсэн?

ЭТТ-д өмнөх удирдлагын асуудал сая сөхөгдлөө. Нүүрсний хулгай гэхчлэн олон нийтийг хамарсан асуудал гарлаа. Үүнд, Засгийн газар болон компанийн ТУЗ мөн хяналт тавих ёстой байлаа. Асар их хэмжээний мөнгийг хулгайд алдлаа. Хоёрдугаарт, үр дүнгүй баахан төслүүдэд мөнгө хийгээд байхаар иргэд бухимдаж байна. Ноднин жил нэг тус компани их наяд төгрөгийн ашиг хийсэн байна лээ. Иргэд 15 хувь эзэмшдэг. 15 хувийн ашгийг иргэдэд өгөхөөр ЭТТ яагаад дампуурах гээд байгаа юм. Цэвэр ашгийн тараа гэж байгаа болохоос өр тавиад, мөнгө хэвлээд тараа гээгүй.

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг та дэмжсэн. Хуулиа уншсан ер нь уншсан уу. Хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах уу?

-Би хууль цээжилдэг биш уншдаг хүн. Би хоригийг хүлээж авна. Яагаад дэмжиж дарсан бэ гэдгийг тайлбарлах нь зөв байх. Өнөөдрийн эдийн засаг тэлдэггүй байдал нь гадаадын нөлөөтэй гэж боддог. Яагаад төмөр зам барьж чадахгүй хугацаа алдав, яагаад нэг ч цахилгаан станц өнөөг хүртэл барьж чадаагүй юм бэ гэхээр Монголд гадаадын троллууд их ажилладаг.  Гадаадын фейсбүүкийн хаягуудаас манай олон нийтийн сүлжээнд тархи угаалт хийдэг.  Шулуухан хэлэхэд Женко гэдэг хүн байгаа шүү дээ. Төмөр зам, цахилгаан станц алийг нь ч явуулаагүй. Ингэхдээ троллууд ашигласан. Тийм болохоор би хэлж байгаад дэмжсэн.

ШИНЭ МЭДЭЭ